Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулна

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ 2022 оны арванхоёртдугаар сарын 15-ны өдөр “Ажлын хэсэг байгуулах тухай” А/07 тоот тушаалыг гарган Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлал, нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах, судалгаа, хэлэлцүүлэг хийх ажлын хэсгийг байгуулжээ.

       Хуулийн ажлын хэсэг 16 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн даргаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин, дэд даргаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, гишүүдэд УИХ-ын Редакци, кодификацын ахлах зөвлөх Д.Энхгэрэл, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ахлах зөвлөх Х.Энэбиш, БТСУХ-ны ТЗУГ-ын дарга О.Баттулга, БТСУХ-ны хэлтсийн дарга Б.Нямсүрэн, О.Баасан, ахлах мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтбаатар, “Улаанбаатар спорт менежмент” орон нутгийн өмчид компанийн хэлтсийн дарга Х.Бакытжан, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын үндэсний паралимпын хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал Г.Энхсайхан, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн зөвлөх багш С.Жамц, нарийн бичгийн даргаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны мэргэжилтэн Б.Өлзийбаяр орсон байна.

          Ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсэг, Монгол Улсын Их хурлын 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” 12 дугаар тогтоолыг үндэслэн Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлал, нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах, судалгаа, хэлэлцүүлэг хийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх арга хэмжээг авах аж.

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.