Шүүхээс Э.Одбаяр нарын таван хүнд зорчих эрхийг нь хязгаарлах ял оноолоо
Э.Одбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн талаарх мэдээллийг Эрүүгийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
 
     Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э.Одбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг /худал мэдээлэл тараах/, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг журамлан тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь хянан хэлэлцээд,
 
   Шүүгдэгч Э.Одбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
 
   Шүүгдэгч Э.Одбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чинбатыг оршин суугаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Билгүүнийг оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Л.Ганхөлөгийг оршин суугаа газар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, 
 
   Шүүгдэгч Б.Бямбагэрэлийг оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Одбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар оногдуулсан жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн  нэгдэх хэсэгт зааснаар оногдуулсан  хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт жил хоёр сарын хугацаанд оршин суугаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

offshore.mn

http://offshore.mn
© 2022 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.