Замын-Үүдийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, ачаа тээврийн терминалыг шинэчлэх ажил хийгдэж байна

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан БНХАУ-ын талаас хил гаалийн хяналтыг чангаруулжээ. Манай улсын импортын гол цэг болох Замын-Үүд-Эрээний боомтыг хоёр улсын харилцан тохирооны дагуу  энэ оны  нэгдүгээр сарын 11 ний өдрөөс нээж, автозамын чингэлэг ачаа тээврийг нэвтрүүлж байна. 

             Өнгөрсөн наймдугаар сарын 20-ны өдрөөс БНХАУ-ын Эрээн хотод коронавирусын халдварын тоо нэмэгдсэн тул тус хотод хөл хорио тогтоосон. Үүнээс шалтгаалан боомтын ачаа тээвэр нэвтрүүлэх ажилд хүндрэлд гарч, чингэлэг тээврийн тоо хэмжээ тодорхой хэмжээнд буурчээ. Одоогоор сард импортлогдож буй чингэлэгийн тоо хэмжээ харилцан адилгүй байна. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард 3062 ачаа тээврийн чингэлэг импортлогдсон бол наймдугаар сард 2450 чингэлэг импортлогджээ. Харин есөн сарын эхний 10 хоногийн байдлаар 850 чингэлэг нэвтэрчээ. Хятадын талаас есдүгээр сарын 12-нд буюу ирэх даваа гарагт Эрээн хотын хэмжээнд шалгалт хийж, халдвар гайгүй бол хөл хориог цуцлах боломжтой гэдэг мэдээллийг гаргаж байна. Замын-Үүд дэх гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн “Хил нээгдсэнээс хойш манай талаас экспорт мөн ямар нэгэн саадгүй хийгдэж байна. Долдугаар сараас Замын-Үүдийн боомтоор нүүрсний экспорт хийгдэж эхлэх үед өдөрт дунджаар 10 орчим чингэлэг бүхий нүүрс тээвэр хийгдэж байсан бол, наймдугаар сараас өдөрт 40 орчим машин гарч байна. Одоогоор мөн төмрийн хүдрийн экспорт нэмэгдсэнээр уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлогын хэмжээг нэмэгдүүлж байна" гэв.

Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Д.Цолбаяр “Чингэлэг тээврийн ачаа нэвтрүүлж эхэсэнээс хойш тээвэртэй холбоотой зөрчил нэлээд нэмэгдсэн байна. Тухайлбал, захиалагч тал өөрсдийн биеэр хил нэвтрэх боломжгүй зэрэг шалтгаанаас болж өнгөрсөн хугацаанд 331 зөрчил илэрсэнээс, 10 зөрчилд хэрэг бүртгэл нээж, хуулийн байгууллагад шилжүүлжээ. Энэ хүрээнд есдүгээр сарын байдлаар 490 сая төгрөгийн торгууль тавьж, 750 сая төгрөгийн татварыг улсад нөхөн төлүүлсэн мэдээтэй байна. Замын-Үүдийн боомтоор өргөн царигийн галт тэргээр өдөрт 12-13 чингэлэг цаашаа гарч байгаа бол нарийн царигаар 7 цуваа манай тал руу нэвтэрч байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй боомтын сэргэлт хөтөлбөрийн хүрээнд Замын-Үүдийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, ачаа тээврийн терминалыг шинэчлэх ажил хийгдэж байна. 2019 оноос эхэлсэн уг ажлын хүрээнл хосёр улсын ачаа тээврийн эргэлт, хүчин чадал өмнөх  үеэс 4 дахин нэмэгдэх юм" гэлээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2023 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.