НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТООС УЛИРАЛ ТУТАМ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ ХУУЛЬ БУСААР АВЧ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
-ЭДИЙН ЗАСАГЧААР ТОЛГОЙЛУУЛСАН 1000 ГАРУЙ ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БҮЛЭГЛЭЛ НӨАТ-ЫН СУГАЛААГ ЦӨЛМӨЖ ИРСЭН ГЭВ ҮҮ- 
 
        Тагнуулын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголтоос улирал тутам нэг тэрбум гаруй төгрөг хууль бусаар авч, мөнгө угааж байсан байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлэн саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Тодруулбал, ТЕГ-ынхан НӨАТ-ын буцаан олголтоос их хэмжээний мөнгө хууль бусаар авч байсан 150 гаруй хүнийг саатуулан шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явцад Г, Ц, Б нарын зохион байгуулалттай нэг бүлэглэл болох нь тогтоогдоод байгаа аж. 

Хамгийн ноцтой нь, Г, Ц, Б нарын тэргүүтэй энэ бүлэглэл НӨАТ-ын буцаан олголтоос их хэмжээний мөнгө хууль бусаар авах гэмт хэргээ 2020 оноос үйлдэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 1000 гаруй хүнийг бүлэглэлдээ татан оролцуулсан байжээ. Тагнуулынхан одоогоор дээрх 1000 орчим иргэн эл гэмт хэрэгт ямар, ямар оролцоотой оролцсоныг хүн тус бүрээр нь шалгаж байгаа аж. Урьдчилсан байдлаар гэмт бүлэглэлийнхэн НӨАТ-ын буцаан олголтоос хууль бусаар авсан мөнгөнөөсөө тодорхой хувь өгөх байдлаар танил тал, хамаатан садан, найз нөхдөө ашиглаж байснаас гадна бусдын иргэний үнэмлэхийг мөнгөөр түр “түрээслэх” хэлбэрээр хамтарч байсан зэрэг нь илэрч байгаа гэнэ. 

      Дээрх бүлэг этгээд эхлээд бусдын нэр дээр олон тооны компани байгуулж, дараа нь өөрсдийн бүлэглэлд татан оролцуулсан 1000 гаруй хүнийхээ иргэний үнэмлэхийг ашиглан НӨАТ-ын системд бүртгэл үүсгэсэн байна. Улмаар бусдын нэр дээр байгуулсан буюу үйл ажиллагаа явуулдаггүй цаасан дээрх компанийнхаа нэр дээр зохиомлоор маш өндөр үнийн дүнтэй НӨАТ-ын баримт хэвлэж гаргаад, мөн л бусдын нэр дээр үүсгэсэн бүртгэлээрээ НӨАТ-ын системд уншуулдаг байжээ. Ингээд улирал тутамд дээрх 1000 иргэний тус бүрийнх нь нэр дээр нэг сая төгрөг буюу нийт нэг тэрбум гаруй төгрөг хууль бусаар авч байсан нь баримтаар тогтоогдоод байгаа аж.
 
Тагнуулынхны илрүүлсэн энэ гэмт хэрэг нь өмнө нь манай улсад бүртгэгдэж байгаагүй олон оролцогчтой буюу НӨАТ-ын баримтыг ашигласан, шинэ төрлийн, асар  их хэмжээний хохиролтой эдийн засгийн залилангийн гэмт хэрэг юм. Эх сурвалж “Энэхүү гэмт хэрэгт 1000 гаруй хүн оролцоотой нь тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалт, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн юм. Энэхүү ажиллагааг банк, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн эдийн засагчид толгойлж байгааг эх сурвалж онцолж байлаа. 

offshore.mn

http://offshore.mn
© 2022 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.