С.АМАРСАЙХАН: Нөхцөл байдал хүндэрвэл хөл хорихоос өөр аргагүй

“Ковид-19” цар тахалтай тэмцэх хууль"-д хяналт тавих Түр хорооны гишүүд УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Коронавирусийн эсрэг вакцины хоёрдугаар тунд 18-аас дээш насны иргэдийн хамрагдалт 90 хувьтай байна. Үүнээс II тунгаа хийлгээд 14 болон түүнээс дээш хоносон 1 сая 696 мянган иргэн байна. Гэтэл насанд хүрсэн хүн амын 60 хувийн 90 хувь нь хоёр тун хийлгэсэн гэдэг нийт хүн ам буюу 3.3 сая иргэний 90 хувь нь вакцинд хамрагджээ гэх ойлголтын зөрүү гарч байна. Үүнээс болоод иргэд тайвширч, халдвар хамгааллын дэглэмээ сулруулж байна. Нийт хүн амын 36.5 хувийг бүрдүүлж байгаа 0-17 насны хүүхдүүд вакцинд хамрагдаагүй. Бусад шалтгаанаар мөн дархлаажуулалтад хамрагдаагүй 400 орчим мянган иргэн бий. Ингээд тооцвол нийт хүн амын 45-48 хувь нь вакцинд огт хамрагдаагүй байна. Иргэдийн “Вакцинд хамрагдаач ээ” гэж уриалаад байдаг нь ийм учиртай юм.

Дархлаажуулалтын ажлаа эрчимжүүлэхийн тулд 12-17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулна. Энэ хүрээнд 2.5 сая тун Файзер вакциныг авах гэрэгээр эхний татан авалт хийж, вакцинаа хийгээд явж байна. Гэсэн хэдий ч иргэдийн вакцинд хамрагдалт муу байна. Энэ хугацаанд дотоод, гадаадын судалгаанд үндэслэж, гурав дахь тунг хийвэл хэзээнээс хийж, ямар шат дараалалтай явахыг судална. Вакцины судалгааг харьцангуй сайн хийж байгаа бөгөөд удахгүй эцсийн байдлаар УОК, Засгийн газарт танилцуулах чиглэл өгсөн.

Улсын хэмжээнд 16000 эмч, эмнэлгийн ажилтан халдварын улаан шугамд ажиллаж байна

Анх улсын хэмжээнд цар тахлын бэлэн байдалд 1000 ор бэлтгээд байсан. Сүүлийн гурван сарын турш халдварын тоо эрчимтэй нэмэгдсээр байгаад өнөөдөр улсын хэмжээнд 11500 гаруй оронд өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид халдварын тохиолдол ихсэх тусам нэмж ор дэлгэх боломж байгаа хэдий ч эрүүл мэндийн салбарын ажилтны хомсдол яалт ч үгүй гарч байна. Үүнээс гадна дотооддоо дархлаа дэмжих био бэлдмэлийн үйлдвэрлэлийг эхлүүлээд явж байна.

Эхний бүтээгдэхүүн нь долдугаар сарын сүүлчээр гарах байх. Бид шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана. Амралт, сувилал, ресторан, цайны газруудыг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж ажиллахыг зөвлөсөн боловч огт дэглэм сахихгүй байсан учир долоо хоногоор хязгаарлаад байна. Хэрэв халдварын тоо буурахгүй, иргэдийн оролцоо сайжрахгүй бол хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөл байдалд орно" гэв.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.