ОУХМ Э.Билэгсайхан олимпод оролцох эрхээ авлаа

“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын хүндийг өргөлтийн +87 кг-д Монгол Улсын тамирчин, ОУХМ Эрдэнэбатын Билэгсайхан Ази тивийн квотоор Токиог зорих эрхээ авлаа. Өнөөдрийн байдлаар Токиогийн олимпын эрхийн тэмцээнүүд ихэнх нь өндөрлөж, спорт холбоод олимпын сонгон шалгаруулалтаа дуусгаж зарлах мөч ойртсоор байна.

     Өчигдөр Олон улсын хүндийг өргөлтийн холбоо /International Weightlifting Federation/-ноос “Токио-2020” олимпын наадамд оролцох тамирчдын жагсаалтыг гаргалаа. Туйванчид Токиод эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөх бөгөөд нэг жинд 14 тамирчин оролцоно. Дэлхийн чансаагаар жин тус бүрийн эхний 8-д шалгарсан туйванчид эрхээ шууд авна. Харин найман эрх дээр дээр тив бүрийн төлөөлөл болгон тивийн чансааг тэргүүлэгч эхний таван туйванч нэмэгдэж 13 болох юм байна. Ингээд үлдсэн ганц эрхийг зохион байгуулах оронд, эсвэл ОУОХ, ОУХӨХ, “Токио 2020” ЗБХ гурван талт комиссын шийдвэрээр олгох юм.

      Өчигдөр зарласан жагсаалтаар +87 кг-д Э.Билэгсайхан тивийн квотоор эрх авах тамирчинд багтжээ. Монголын  эмэгтэй хүнд жингийн туйванчдаас ОУХМ цолыг анх хүртсэн Э. Билэгсайхан Дэлхийн цомын болон Ази тивийн хошой аварга, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл, Азийн  цомын гурван мөнгө, гурван хүрэл медальтай, Монгол Улсын рекорд амжилтыг 48 удаа шинэчлэн тогтоосон, 23 настай, манай шилдэг залуу туйванчдын нэг билээ.

     Одоогийн байдлаар Монголын баг тамирчид спортын долоон төрөлд эрх аваад байгаа бөгөөд чөлөөт бөх ес, буудлага дөрөв, бокс гурав, хөнгөн атлетик гурав, ширээний теннис хоёр, байт харваа нэг, мөн 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй баг Токиог зорих аж.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.