Ч.НАРАНБААТАР: Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгаа буцааж өгсөн

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр ажлаа өгөхөөс татгалзаж, Олон улсын олимпын хороо руу “Намайг үргэлжлүүлэн ажиллахад туслаж өгнө үү” гэсэн утга бүхий захидал бичсэн талаар бид мэдээлсэн. Мөн тэрбээр МҮОХ-ныхоо тамга тэмдгийг авч зугтаасан талаар Ч.Наранбаатар зургадугаар сарын 2-нд мэдэгдсэн билээ. Тэрбээр “МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг ажлаас нь түдгэлзүүлсэн. Гэтэл хурал болж байх үеэр МҮОХ-ны тамга, тэмдгийг авч явсан байна. Энэ маргаан удаан үргэлжилбэл манай улсын тамирчид өөрийн улсын далбааг мандуулж чадахгүй, цагаан тугтай олимпод оролцох эрсдэл үүсэж болзошгүй” гэж байсан юм.

Тэгвэл олимпын аварга Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгаа буцааж өгчээ. Энэ талаар МҮОХ-ны даргын түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатараас тодрууллаа.

-Н.Түвшинбаяр аваргатай та уулзсан уу. Тамгаа буцааж өгсөн гэсэн?

-Мэдээлэл хийсэн өдрөөс хойш Н.Түвшинбаяртай хэд хэдэн удаа уулзсан. Авч авсан тамгаа буцааж авчирч өгсөн. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш 11:00 цагаас өгөхөөр төлөвлөсөн байгаа. Энэ үеэр Н.Түвшинбаяр албан ёсоор ажлаа хүлээлгэн өгөх байх.

-Тэгэхээр МҮОХ-ны ажил хэвийн явагдаж эхэлсэн гэсэн үг үү?

-Тиймээ, хорооны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Олимпод оролцох манай тамирчдад асуудал үүсэхгүй гэж ойлгож болно.

-МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурал хэзээ болох вэ. Тэр үеэр Ерөнхийлөгчөө сонгох уу?

-Өнгөрсөн жилийн хурлаар олимпын дараа болохоор ярилцаж, төлөвлөсөн. Тэгэхээр миний бие МҮОХ-ны даргын түр орлон гүйцэтгэгчээр олимп өнгөртөл ажиллана гэсэн үг. Ийм нөхцөл байдал үүсээд байна.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.