Гавьяат эмч А.АМБАСЭЛМАА: Олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж, Ерөнхийлөгчөөс шагнал авах сайхан байлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдад төрийн дээд одон, медаль гардууллаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга асан, ахмад эмч А.Амбасэлмаа Эрүүлийг хамгаалахын гавьяат эмч боллоо. Тэрбээр ХӨСҮТ-д 2007-2020 он хүртэл ажиллаж, гавьяаныхаа амралтад гарсан билээ. Түүний сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэе.


-Энэ шагнал ганцхан намайг бус миний баг, хамт олныг үнэлсэн шагнал боллоо-

-Эрүүлийг хамгаалахын гавьяат эмч цолоор энгэрээ мялаасанд тань баяр хүргэе. Дөнгөж сая цол, тэмдгээ аваад гараад ирлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?  

        -Эрүүлийг хамгаалахын гавьяат эмч цолоор энгэрээ мялаасандаа баяртай байна. Олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж, Ерөнхийлөгчөөс шагнал авах сайхан байлаа. Төрийн дээд шагнал авсандаа баяртай байна. Төр, ард түмэн, хамт олондоо мөн ч их баярлаж байна. Энэ шагнал бол ганц миний бус манай хамт олны шагнал юм. Яагаад гэвэл аливаа халдварт өвчин, цар тахлын дэгдэлт гарахад бид багаараа ажилладаг. Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг нэг хүн хийхгүй. Тийм учраас энэ шагнал ганцхан намайг бус миний баг, хамт олныг үнэлсэн шагнал боллоо. Надтай хамтарч ажиллаж байсан үе үеийн хамт олондоо баярлалаа.

Цар тахлын аюул нүүрлэсэн хүнд цаг үед бид амьдарч байгаа. Энэ аюул дуусах арай болоогүй байна. Манай улс шат шатандаа тохирох шийдвэр хэрэгжүүлж өдийг хүртэл чамлахааргүй арга хэмжээ авсаар ирсэн. Энэ халдварыг дотооддоо оруулахгүйгээр удаан тогтоосон. Дотоодод бүртгэгдсэний дараа голомтод нь хумисан. Яалт ч үгүй шинэ вирус учир хүн бүхэн өвчлөх эрсдэлтэй, түүнийг тойрч гарах арга байхгүй байсан. Харин энэ халдварын эсрэг вакцинтай учирсан болохоор удахгүй сайхан цаг ирнэ гэж найдаж байна. Баг хамт олондоо эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

-Эрүүлийг хамгаалах гавьяат эмч цолоор энгэрээ мялаах гэж буй талаараа хэзээ мэдсэн бэ?

        -Өчигдөр орой мэдсэн. Ерөнхийлөгчийн тамгын газраас над руу залгаж, “Эрүүлийг хамгаалах гавьяат эмч болсонд баяр хүргэе. Та маргааш өглөө Төрийн ордонд ирээрэй” гэж хэлсэн.

-Та коронавирусийн эсрэг хоёр жил тэмцэж, нүүр тулан ажиллалаа. Одоо эргээд бодоход танд ямар санагдаж байна вэ?

      -Коронавирусийн эсрэг вакциндаа хамрагдаж эхэлсэн учир энэ халдварыг амжилттай давж, ард иргэдээ тэдгээр вакцинаар хамгаалж чадна гэж бодож байна. Гэвч дээр хэлсэнчлэн цар тахлын аюул дуусах болоогүй. Вакцин хийлээ гээд энэ халдвар тэр дороо алга болохгүй. Вакцин хийлгэсэн хүмүүс халдвар хамгааллын дэглэмээ сайн барих ёстой. Хэдийн хоёр тун вакцин хийлгэсэн ч гэлээ өөрсдийгөө сайн хамгаалахгүй бол болохгүй. Яагаад гэвэл вакцин хүнийг 100 хувь хамгаалахгүй. 80-95 хувь хамгаална гэж үзвэл 5-10 хувьд нь би өөрийгөө яаж хамгаалах вэ гэдгээ ард иргэд маань бодож байх ёстой.

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.