Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Богдхан төмөр зам”-ын трасс болон “УБТЗ” ХНН-ийн ажилтай танилцаж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Богдхан төмөр зам”-ын трасс болон “УБТЗ” ХНН-ийн ажилтай танилцлаа. Энэ үеэр Давааны зөрлөг гэх газар буюу төмөр замын 369 дэх км-т байрлах зөрлөгт ажиллаж, ажлын явцтай танилцсан юм.
Энэ зөрлөгт “Богдхан төмөр зам”-ын трасс дайрч өнгөрнө. “Богдхан төмөр зам”-ын трасс ашиглалтад эхний ээлжинд орсноор Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас тээвэрлэдэг төмрийн хүдэр зэрэг экспортын бараа энэ төмөр замаар явах бөгөөд нэмэгдээд ОХУ-аас БНХАУ руу явдаг транзит ачаа тээвэр энэ трассаар явах юм байна.
Бүх ачаа тээврийн 60 хувь “Богдхан төмөр зам”-ын трассаар явах юм. Уг төмөр замын ТЭЗҮ-г гаргахаар Азийн хөгжлийн банк олон улсын тендер зарлаад байгаа бөгөөд өртөг 1.5 сая ам.доллар болж байгаа аж. 104 км төмөр зам байгуулах хөрөнгө оруулалтыг 860 болон 500 сая ам.доллар байна гэсэн хоёр тоо яригдаж байгааг “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төв аймаг аймаг бус, Төв хот болж, улсын зэрэглэлтэй болон хөгжих ёстой. Би Ерөнхий сайдын ажлаа хүлээн авсны дараа аймгуудад ажлын байр нэмэгдүүлж, орон нутагт хүний хэрэгцээ хангасан хэр нь илүү боломжтой байхаар хөгжүүлэн төвлөрлийг сааруулна" гэв.
offshore.mn