"Батлан хамгаалахын их сургуулийн хоёр багш, тэдний гэр бүлийн гурван хүн халдвар авсан"

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ховд, Дорноговь, Сэлэнгэ аймагт очсон иргэдээс халдвар илэрч, тэднийг нийслэлд авчирсан. Орон нутагт эмчлэх боломж байхгүй хэрэг үү?

-Халдварын голомтыг нийслэлээс алдахгүй байхад анхаарч байгаа. Өнгөрсөн хугацаанд зургаан аймагт халдвар илэрч, голомтыг хумьсан. Цаашид орон нутагт халдварын голомтыг нэмэхгүй байх үүднээс халдвартай иргэдийг нийслэлд авч ирж байгаа. Халдварын гол эх үүсвэр нь нийслэлд байсан. Манай бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд, аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд коронавирусийн халдварыг эмчлэх боломж байгаа. 

-"Өргөө" амаржих газарт амаржсан эх хүүхдийн биеийн байдалд ямар байгаа  вэ. Нэгдүгээр төрөхөд халдвар авсан нэг эх мөн амаржсан. ХӨСҮТ рүү шилжүүлэлгүй эмчлэх боломжгүй байгаа юм уу?

-Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа. "Өргөө" амаржих газарт өвчтэй хүмүүсийг удаан байлгаж болохгүй. Коронавирусийн халдварын нууц үе 14 хоног. Тиймээс халдварын эрсдэлийг тооцож, ХӨСҮТ рүү шилжүүлсэн. 

-Батлан хамгаалахын их сургууль болон "Аз жаргал" хотхоноос илэрсэн тохиолдлыг урьд нь яагаад зарлаагүй юм бэ. Маршрутыг нь гаргасан уу?

-Батлан хамгаалахын их сургуулийн хоёр багш, ойрын хавьтал гэр бүлийн гурван хүн, нийт таван хүн өвчилсөн. Тэдний ойрын хавьтал тусгаарлалтад орсон. Энэ нь Баянзүрх дүүргийн V  хороонд орж байгаа.

-Эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн нэг иргэн шинжилгээ өгч чадахгүй байна. Шинжилгээний төвүүд цаг байхгүй гэж буцаасан, уялдаа холбоогүй мэдээлэл өгсөн гэх гомдол байна?

-Эрүүл мэндийн зөвлөгөө өгөх долоон тусгай дугаар ажиллаж байгаа. Үүнээс 199 дугаарын утас 24 цагийн турш зөвлөгөө өгч байна. Туршлагатай эмч нар энд бий. Иргэд сайн дураар шинжилгээ өгөх гэж байгаа бол ХӨСҮТ-д 24 цагийн шинжилгээ өгөх лаборатори байгаа.

-Эрүүл мэндийн яамнаас хөл хорио тогтоох санал хүргүүлсэн. Хөл хорио тогтоохгүй бол ирэх сард эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрнэ гэх мэдээлэл бий. Ийм асуудал үүсэх үү?

-Нийслэлд халдвар тархах эрсдэлийг үнэлж, мэргэжлийн эрдэмтэн судлаачдын дүгнэлт, ХӨСҮТ-ийн тархвар зүйн судалгаа зэргийг харгалзан, санал хүргүүлж байгаа. Цагаан сарын үеэр хөл хорио тогтоох саналын эцсийн шийд гараагүй байна. Сүүлийн үед хөлд хорио сулруулахад тархалтын тоо нэмэгдсэн. Тиймээс хөл хорио сул хэвээр байвал эмнэлгийн ачаалал нэмэгдэж магадгүй гэж харж байгаа. Одоогоор эмнэлгийн хүрэлцээ, эм хангамж зэрэг хангалттай бий. Эрсдэлээ тооцож, дүгнэлт гаргаж байгааг анхаарах хэрэгтэй

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.