Эх орондоо ирээд эр хүн шиг мэдэгдэл хий, Ч.САЙХАНБИЛЭГ ЭЭ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хаа холын АНУ-аас үе үе сүржин мэдээлэл хийдэг болов. “Буруугүй л юм бол хүний нутагт шигдэж суухаар эх орондоо ирээд эр хүн шиг мэдэгдэл хийгээч” гэх иргэд ч байна. Ерөнхий сайд асан С.Баяр “Командалсан салаагаа орхиод, голын нөгөө эрэгт ганцаараа гарчихаад чанга хашгираад яах ч билээ дээ” хэмээн түүнд зориулан жиргэж байсан билээ. Түүний хэлсэнчлэн Ч.Сайханбилэг нөхдөө орхиод зугтсан гэхэд хилсдэхгүй. Дубайн гэрээг байгуулахдаа “Асуудал үүсвэл хар толгойгоороо өөрөө хариуцна” гэж хэлээд алх цохьсон Ч.Сайханбилэг дипломат паспорт ашиглан 2019 оны наймдугаар сарын 26-нд прокурорт мэдэгдэлгүйгээр Улаанбаатар-Сөүлийн онгоцоор Монгол Улсын хилээр гарч, АНУ-ыг зорьсон байдаг. Харин түүний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн нөхөд нь хэрэг үүрээд ял эдэлж байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан нэг хэсэг түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байсан юм.

“Гүтгэлэг бүхэнд хариу өгнө. Удахгүй Монголд очиж хэвлэлийн бага хурал хийнэ” хэмээн өнгөрсөн жил мэдэгдэж байсан тэрбээр өнөөдрийг хүртэл Монголдоо ирээгүй байна. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан “Би буруугүй” хэмээн удаа дараа мэдэгдэж байгаа. Хэрвээ буруугүй юм бол яагаад шалгагдаж байх хугацаандаа Монголоос зугтсан юм бэ гэх асуулт гарч ирнэ.

Хэдхэн хоногийн өмнө Оюутолгойн асуудлаар ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоод хандан захидал бичсэн бол өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан уянгын дуутай мэдэгдэл хийжээ. Түүний мэдэгдлээс харвал сайд асан Ч.Сайханбилэг ихээхэн сандарч буй бололтой.

Ингэхдээ эрх баригч МАН-ынханд тал засаж эхэлжээ. Тус мэдэгдэлдээ Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нарын нэрийг дурдсан байдаг. Оюутолгойн асуудал ид яригдаж байгаа энэ үед Ч.Сайханбилэгийн хэрэг ч “хөдөлж” эхэлсэн гэсэн үг. Нэг ёсондоо Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх нарын таарамжгүй болсон харилцааг ашиглаж, аль ашигтай талд нь ая тал засаж эхэлсэн бололтой.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах давуу эрхийг бусдад шилжүүлэхдээ хууль зөрчиж, улсад 9.5 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээр эрүү үүсгэн ЦЕГ, АТГ-ын хамтарсан мөрдөн шалгах Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Үүнээс гадна Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар хэрэг үүсгэн шалгаж байсан билээ. 

 

Эх орондоо ирээд эр хүн шиг мэдэгдэл хий, Ч.САЙХАНБИЛЭГ ЭЭ

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.