"Баярын үеэр халдварын дэгдэлт гарсан"

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар дотоодын халдвар 866-д хүрч, нийт батлагдсан тохиолдол 1320 болоод байгаа юм. Дотооддоо халдвар алдсан энэ үед хүн амын дунд халдвар тархах өндөр эрсдэлтэйг Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлсээр байна. Гэвч албан мэдээллээс гадна сэжигтэй тохиолдол илрэх, батлагдсан тохиолдлуудад үзүүлж буй эмчилгээ хангалтгүй, халдварын голомтуудыг хумьсан уу зэрэг асуудал анхаарлын төвд байгаа юм.
Мөн халдварын шинэ голомт болох “Ачтан” эмнэлгээр үйлчлүүлсэн зарим иргэд орон нутагтаа очсон тул Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймагт тэг зогсолт хийнэ гэх мэдээлэл байна. Иймд covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас сэтгүүлчдийн асуултад хариулт өгснийг хүргэж байна.


-Хан-Уул дүүргийн Яаралтай түргэн тусламжийн сувилагчаас халдварын сэжигтэй тохиолдол илэрч, түргэн тусламж үзүүлж чадахгүй байна гэх мэдээлэл байна. Нөхцөл байдал ямар байна вэ?

А.АМБАСЭЛМАА: Хан-Уул дүүргийн Яаралтай түргэн тусламжийн тасагт батлагдсан тохиолдол илэрсэн гэх мэдээлэл ташаа.

Д.НАРАНГЭРЭЛ: Хан-Уул, Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдлээс сэжигтэй болон батлагдсан тохиолдол илрээгүй. Гэхдээ нийслэлд хаанаас ч халдварын сэжигтэй тохиолдол илрэх эрсдэл өндөр байна. Тиймээс Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэх нь чухал. Та бид бүгд халдварт өртөх эрсдэлтэй.

-Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт зохион байгуулсан шинжилгээний хариу гарсан уу. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Засгийн газрын хуралдаанаар вакцин оруулж ирэх төлөвлөгөө баталсан. Энэ дагуу Эрүүл мэндий яам ямар чиг үүрэгтэй ажиллах вэ. Хэдэн сарын хугацаанд хэчнээн тун вакцин хадгалах боломжтой вэ?

А.АМБАСЭЛМАА: “Ачтан” эмнэлэгт халдвар илрэхээс өмнө Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг тусламж үйлчилгээ үзүүлсэн учраас сэрэмжлүүлэх зорилгоор долоон хүнийг шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан.

Д.НАРАНГЭРЭЛ: Эрүүл мэндийн яам вакцин худалдан авахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эхний ээлжинд хүн амын 20 хувь, дараа нь 60 хувь зэрэг үе шаттайгаар иргэдээ вакцинд хамруулна. ДЭМБ-д зөвшөөрөлтэй вакциныг худалдан авна. Эхний ирэх вакцины тоо хэмжээгээс шалтгаалан халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилчдыг хамруулна.

Эмч, эмнэлгийн 52 мянган ажилтныг хамруулсны дараа архаг хууч өвчтэй хүмүүс болон хүчний байгууллагад ажилладаг ажилтнуудыг хамруулахаар төлөвлөсөн байна. Вакцины хүйтэн хэлхээний байдлыг судалж, бэлэн байдлыг хангаж байна.

-Батлагдсан тохиолдлууд биеийн байдлаасаа шалтгаалж эмчилгээний зардал хэр байна вэ. Хөнгөн өвчтөнүүдийн тухайд витаминаас өөр эмчилгээ хийхгүй байна гэх гомдол мэдээллүүд ирүүлж байна?

А.АМБАСЭЛМАА: Эмчилгээний зардлыг би мэдэхгүй. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг бүгд л нэгдсэн стандартаар өвчтөнүүдэд эмчилгээ хийж байна. Халдварт өртсөн иргэдэд шинж тэмдэг илрүүлэх болон вирусийн эсрэг эмчилгээ, эмнэлзүйн хүндрэл гарсан үед антиобиотик, дархлаа дэмжих эмчилгээ зэрэг үйлчилгээг хөнгөн болон хүнд, маш хүнд хүмүүст биеийн байдалд нь тохируулан эмчилж байна.

-Халдварын голомтуудыг тогтоож чадсан уу. Хавдар судлалын үндэсний төв, Сэлэнгэ, Амгалан гаалийн газарт халдвар илрээд удлаа. Эх үүсвэрүүдийг нь тогтоосон уу. Халдварыг хаанаас алдав. Эрүүл мэндийн яамны хяналтад бүртгэгдээгүй халдварын тээгч байгаа юм биш үү?

А.АМБАСЭЛМАА: Гаалийн ажилтан төмөр замд ажилладаг, батлагдсан тохиолдлуудаас халдвар авсан байх магадлалтайг хэлсэн. Covid-19 нь амьсгал, агаар дуслын замаар дамждаг тул халдварын эх уурхай нь тодорхой. Голомтот бүс нутагт байхад халдвар авах эрсдэл маш өндөр. Өнөөдөр бид цар тахлыг дотоодод алдсан нөхцөлд халдварын хүрээ хязгаарыг тогтоож, хяналтад авах нь чухал.

Гаалийн ажилтантай холбоотой халдварын голомтыг хяналтад авсан тул дахин халдвар гарахгүй. Товчхондоо, голомтыг хумьсан. Тус голомтод байсан хүмүүсийг илрүүлж, шинжилгээ авсан. Үргэлжилсэн асуудал байхгүй.

-“Ачтан” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд орон нутагт буюу 2-3 аймагт очсон. Төв, Өвөрхангай аймагт хөл хорио тогтооно гэх мэдээлэл байна?

-Баярын өдрүүдтэй холбоотой халдвар дэгдсэн. Энэ үед “Ачтан” эмнэлэгт халдвар гарсан. Он гарснаар энэ сарын 4, 5-нд халдвар батлагдсан. Үүнээс өмнө 14 хоногийн хугацаанд тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдэд сэрэмжлүүлэг өгч, шинжилгээ авсан. Эмнэлэгт хэвтсэн болон үйлчлүүлсэн иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байсан учраас өвчтөнүүдээс одоогоор халдвар илрээгүй байна.

Арванхоёрдугаар сарын 15-наас хойш энэ оны нэгдүгээр сарын 4, 5 хүртэлх хооронд “Ачтан” эмнэлэгт үйлчлүүлсэн иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймагт тухайн үед “Ачтан” эмнэлгээр үйлчлүүлсэн цөөн хүн орон нутагтаа очсон байна. Эдгээр хүмүүсийг хяналтад авч, шинжилгээ хийхэд сөрөг гарсан.

Д.НАРАНГЭРЭЛ: Тэг зогсолтыг Эрүүл мэндийн яам шийдвэрлэхгүй. Гамшгийн тухай хуулиар 17 байгууллагын төлөөлөл эрсдэлийн үнэлгээ хийж, дүгнэлтээс гаргасан саналаа УОК-д хүргэдэг. Одоогоор санал гаргаагүй байна.

-Өчигдрөөс эхлэн халдварын шинэ хэллэг гарлаа. Дам хавьтлаар бүртгэгдсэн гэх тохиолдлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Жишээ нь, өнөөдрийн мэдээллээр нэг орцонд амьдардаг айлууд дам хавьтлаар халдварт өртсөн гэх. Үүнийг тодорхой тайлбарлахгүй юу?

А.АМБАСЭЛМАА: Дам хавьтал бол шинэ хэллэг биш. Ялангуяа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдварын дэгдэлт гарсан. Үүнтэй холбоотойгоор дүүрэгт хяналтын арга хэмжээ авч, зохион байгуулж байна. Иймд Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан, эмчлүүлсэн, сахиур байсан, үйлчлүүлж байсан иргэдээс улбаатай гэр бүлийн хүн нь, нэг орцонд амьдардаг, нэг хамт олон дотроос өвчлөл гарсныг бид хоёрдогч хавьтлаас улбаатай гинжин хэлхээ доторх өвчлөлийг дам хавьтал хэмээж байгаа юм.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос улбаатай халдварын хоёр, гурав дахь тохиолдлууд гарч байна. Тус эмнэлгээр үйлчлүүлсэн, эмчлүүлсэн хүн өвдөж, улмаар гэр бүл нь өвдөж байна.

Гэр бүлээс улбаалан нэг орц, хамт олон нь өвдөж байна. Гинжин хэлхээнд орсон хүмүүсээс халдвар илэрч байна. Цөм голомт хяналтад орж байгаа ч гинжин хэлхээгээр дамжсан халдварууд гарч байна.

Д.НАРАНГЭРЭЛ: Нэгдүгээр хавьтал гэдэг нь тухайн өвчилсөн хүний гэр бүлийн болон хамт амьдардаг хүнийг хэлж байгаа юм. Хоёрдугаар хавьталд, батлагдсан тохиолдлын амьдардаг орон сууцны орц, хамт ажилладаг хүмүүсийг нэрлэж байна.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.