Хүннүгийн гудамж буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Ноme Plaza-гийн уулзвараас Дүнжингаравын уулзвар хүртэлх 1,5 км нэг чигийн хөдөлгөөнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийт 11 эргэж буцах эргэлт байдаг байна. Богино зайнд буцаж эргэх эргэлт олон байгаа нь нэг чигийн хөдөлгөөний эрчмийг сулруулж, түгжрэл үүсгэж байгаа судалгааг Тээврийн цагдаагийн албанаас гаргажээ. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газарт хандаж, дээрх автозамын 3 байршилд буцаж эргэх хэсгийг хаажээ. 

Зүүн эргэхийн тулд хоёр талын хөдөлгөөнийг зогсоож автозамын зохиомол түгжрэлийг үүсгэж буй учраас ийнхүү гурван байршилд эргэж буцах гарцыг хаасан хэмээн Баянзүрх дүүргийн Тээврийн цагдаагийн албаны дэд хурандаа Д.Сүхбат тайлбар өглөө. 

“Баянмонгол хорооллоос зүүн тийш эргэхийг хориглож, нэг чигийн хөдөлгөөнд саад учруулахгүй болсон. Хүннүгийн гудамж нарийнхан учраас буцаж эргэх хөдөлгөөн бүрт автозамын түгжрэл үүсдэг. Тиймээс хөдөлгөөнийг саадгүй зорчуулах үүднээс холбогдох албаныхан судалгаа хийж, буцаж эргэх хэсгийг хаасан” хэмээн Замын хөдөлгөөний төлөвлөлт,зохицуулалт, инженерчлэлийн Инженерчлэл, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Өнөржаргал хэллээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс