УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан Н.Номтойбаяр нарын найман хүнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хэлэлцлээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долдугаар сард дөрвөн өдөр хэлэлцээд Н.Алтансувдыг цагаатгаж, бусад хүнийг нь гэм буруутайд тооцсон юм. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярт нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасаж, таван жил таван сар хорих ял оноосон. ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваад гурав, дэд дарга Б.Шижиржаргалд дөрвөн жил хорих ял ногдуулсан бол мэргэжилтнүүд болох М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг тус бүр 15, Б.Гантөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ. Н.Номтойбаярыг ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны гуравдугаар сарын 21-нд 03 дугаартай тогтоол гаргаж, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталж, албан тушаалаа урвуулсан. Уг тушаалынх нь дагуу ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Б.Баттөгс нар хамтран төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлэн түүнд багтсан гишүүдээр гарын үсэг зуруулж, найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн буруутгасан.
Давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарт оноосон 15 сая төгрөгөөр торгох ялыг 10 сая болгон хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээлээ. Ингэснээр Н.Номтойбаяр таван жил таван сар, Б.Нямдаваа гурав, Б.Шижиржаргал дөрвөн жил хорих ял эдлэхээр болов.
Бэлтгэсэн: Г.Равжаа
Эх сурвалж: Unuudur.mn
offshore.mn