У.Хүрэлсүх: Улс орноо 8-12 жилд хөл дээр нь босгох долоон зорилт хэрэгжүүлнэ

У.Хүрэлсүх: Улс орноо 8-12 жилд хөл дээр нь босгох долоон зорилт хэрэгжүүлнэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Эрчим хүчний яаманд ажиллалаа. Ингэхдээ улс орноо хөгжүүлэхийн тулд ямар бодлого, зорилт хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Ингэхдээ дараах байдлаар байр сууриа илэрхийлсэн юм.

Ойрын 8-12 жилийн хугацаанд улс орноо хөл дээр нь босгох шаардлагатай байна. Үүний тулд эхлээд хөгжлийн дэд бүтцүүдийг нь тавьж дуусгах шаардлагатай. Үүнд хэд хэдэн асуудал багтаж байгаагийн нэг нь эрчим хүч. Энэ бол манай улсын хөгжил дэвшлийн үндэс. Эрчим хүч хэрэглэдэггүй салбар гэж нэг ч байхгүй. Эрчим хүч хэрэглэдэггүй хүн гэж байхгүй. Тиймээс эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, дотоодынхоо хэрэглээг бүрэн дүүрэн хангах нь нэгдүгээр зэргийн зорилт.

Хоёрдугаар зорилт бол шатахууныхаа хэрэглээг дотоодоосоо хангадаг болох. Тиймээс газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл сайн хэрэгжиж байна.

Гурвдугаарт, хүнснийхээ хэрэглээг дотоодоосоо хангах. Бид элсэн чихэр ургуулж чадахгүй байх. Бас цагаан будаа, шар будуу ургуулж чадахгүй байж магадгүй. Бусдыг нь бол бид дотооддоо үйлдвэрлэж чадна.

Дөрөвдүгээрт, цементнийхээ хэрэглээг дотоодоо хангах нь чухал. Одоогийн байдлаар энэ чиглэлд томоохон үйлдвэрүүд ашиглалтад оруулсан.

Тавдугаарт, Гангийн үйлдвэртэй болох хэрэгтэй. Үүнийг бодлогоор дэмжих ёстой. Дөрөв, тавдугаар бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадвал монголчууд хямдхан орон сууцанд сууна. Барилга байгууламжийн үнэ буурна.

Зургаадугаар асуудал бол дэд бүтэц. Бид төмөр замаа өөрсдөө тавьж байна. Зүүн бүсэд Дорнод аймгийн Эрээнцаваас Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт хүртэл төмөр зам тавина. Ингэснээр ОХУ, БНХАУ-ыг төмөр замаар холбосон боомттой болно. Авто зам мөн чухал. Энэ жил 21 аймгаа нийслэлтэй авто замаар холбож дуусна. Цаашлаад бүх суурин газрууд руу авто зам тавина.

Долоо дахь асуудал бол мэдээлэл, тенхологи, харилцаа холбооны асуудал. Монгол Улсыг хөгжүүлэхэд энэ их чухал. Нутаг дэвсгэр дээгүүрээ аалзны тор хэрсэн мэт мэдээлэл, харилцааны холбооны дэд бүтцийг бий болгох ёстой. Хаанаас төрийн үйлчилгээг шууд авдаг болох ёстой.

Энэ зорилтуудыг хэрэгжүүлсэн цагт Монгол Улс маань хөгжинө. Боловсрол, эрүүл мэндийн салбарын асуудал ч шийдэгдэнэ. Эдгээр зорилт нь монгол хүний эрүүл мэнд, мэдлэг боловсролтой шууд холбоотой. Энэ бүхнийг төрийн албан хаагчид та бүхэн монгол төрийн бодлого гэж ойлгох хэрэгтэй.

offshore.mn

http://offshore.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.