Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржид хахууль өгсөн хүн ял авлаа

Зургийн тайлбар: Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд “Тацо” гэх хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг дэлгүүрийн зарж байсан архинаас хүн хордсон гэх хэрэг одоогоос хоёр жилийн өмнө гарсан байна. Үүний дагуу мэргэжлийн хяналтын газраас гурван байцаагч гарч, ажилласан. Улмаар тухайн компанийн захирлыг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2-д заасан хүнсний бүтээгдэхүүний ул мөр мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй зөрчил илэрснийг хүлээн зөвшөөрч 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Харин тухайн дэлгүүрийн эзэн дахиж дэлгүүртээ шалгалт хийлгэмээргүй байна хэмээн Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржид хахууль удаа дараа өгчээ.  Тодруулбал,  Монгол улсын иргэн Ц.Б нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албаны шуурхай утсанд ирүүлсэн "архинд хүн хордож эмнэлэгт хүргэгдсэн" гэх мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 12-579 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг "Тацо" нэртэй найман  нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийхэд "дахин хяналт шалгалт хийлгэхгүй байх" ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн эзэмшдэг Хаан банкны 5075...  тоот данснаас Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржид албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний Хаан банкны 5020... тоот данс руу 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 700.000 төгрөгийг өгсөн байна. Мөн  үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эзэмшдэг Хаан банкны 5075... тоот данснаас Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржид албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний бэр П.Мөнхзулын Хаан банкны 5033...  тоот дансаар дамжуулан 500.000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн байна.

Харин энэ хэргийн талаар хахууль авсан Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж: "...Тацо ХХК-ийн асуудлыг бол би санаж байна. Энэ компаниас архи худалдаж авсан хүн архинаас хордсон гээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын хэлтэс болон манай хэлтсээс 3 хоногийн хугацаанд “Тацо” ХХК-ийн хүнсний дэлгүүрт шалгалт хийгдсэн юм. Ингээд хүмүүс хордсон асуудал нь цагдаа дээр шалгагдаад дууссан. Манай хэлтсээс бол гаргасан зөрчилд нь арга хэмжээ авсан. ...энэ явдал болсноос хойш намайг Завхан руу явж байхад машин эвдрээд бензин тос хүрэхгүй болохоор Ц.Б руу утсаар яриад "ах руугаа мөнгө шилжүүлээд өгөөч гээд 700.000 төгрөг өгөхийг хүссэн" Ц.Б тэр дор нь над руу 700.000 төгрөг шилжүүлж өгсөн. Би тухайн үед мөнгийг нь буцааж өгч чадаагүй. ...миний хувьд мөнгөний хэрэгцээ гараад Ц.Баас албан тушаалын байдлаа ашиглаж мөнгө шаардаж авсан. Авсан мөнгөө одоо болтол буцааж өгөөгүй байгаа. ...би 2019 оны 4 дүгээр сард "Бэтүб" хийдийн хажуу талын хувийн эмнэлэгт хэвтсэн юм. Намайг эмнэлэгт хэвтэж байхад Ц.Б нь над руу утсаар яриад "дүү нь таныг эргэж очьё" гэж хэлж эмнэлэг дээр ирээд "эмчилгээндээ хэрэглээрэй" гээд 500.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн" гэж мэдүүлсэн байгаа юм.

Энэ хэргийн талаар хахууль өгсөн этгээд болох Ц.Б: “2018 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга болон байцаагч нар, цагдаагийн алба хаагчид нь манай дэлгүүр дээр архины хордлого гарсан, танайхаас архи худалдан авсан хүн архинаас хордсон байна гэж шалгалтаар анх ирсэн. Архины шинжилгээ гартал танайх дэлгүүрээ хаа, архи худалдахгүй, архины зөвшөөрөл чинь цуцлагдах байх шүү гэж М.Баасандорж гэдэг дарга нь хэлсэн. Тэгээд манайх дэлгүүрээ 2-3 хоног хаасан. Дараа нь мэргэжлийн хяналтын байцаагч Отгонцэцэг гэдэг хүнтэй очиж уулзаад 3 сая төгрөгийн торгууль төлсөн. Г.Отгонцэцэг байцаагч нь чи торгуулиа төлчхөөд даргатай орж уулзаарай гэхээр нь орж уулзаад манайх торгуулиа төлчихлөө, дэлгүүрээ нээж болох уу гэж асуусан. Манайхыг дэлгүүрээ хаа гэж хэлсэн хүн нь М.Баасандорж нь болохоор түүнээс асуух гэж өрөө рүү орсон юм. Тэгсэн чинь ер нь бол танайхаас шалтгаалсан зүйл бага юм шиг байна, гүн хордлоготой хүн нь Баянхошуунаас архи худалдаж авч уугаад согтуу ирсэн гэж байна, гэхдээ хордлоготой 3 хүн нь эмчилгээ хийлгэж байгаа, тийм болохоор тухайн хүмүүсийн авсан 40 шил экс нэртэй архи битгий зараарай, үйл ажиллагаагаа нээж бол болно гэж хэлсэн. Үүний дагуу би дэлгүүрээ нээсэн. ...тэгээд 2018 оны 4 юм уу 5 дугаар сард М.Баасандорж нь над руу утсаар залгаад 700.000 төгрөг өгөөч ээ, хөдөө явж байна, бензин хийх гэсэн юм, хот ороод өгье дансныхаа дугаарыг явуулчихья гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд түүний өгсөн дансны дугаар руу 700.000 төгрөг шилжүүлсэн" гэж зэргээр мэдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл хэргээ хахууль авсан болон өгсөн этгээдүүд хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020-04-17-ны өдөр хэлэлцээд Ц.Б-г гэм буруутайд тооцсон. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-н нийтийн албан томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Хахууль авсан этгээдийн хэргийг тусад нь шалгаж байгаа бөгөөд түүнийг яллагдагчаар татаад байгаа аж.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа

http://dorgio.mn/p/118412

offshore.mn

http://offshore.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.