АН-ын нэр дэвшигчдийг Ц.Элбэгдоржийнх, С.Эрдэнэ, З.Энхболд нарынх, Ерөнхийлөгч Х.Баттулгынх гэж гурав хувааж авч үзье

Хуулийн хугацаанд багтаж нам, эвслээс нэр дэвшигчид тодорлоо. Аль нам, эвслээс хэн хэн нэр дэвшив, тэд ирэх дөрвөн жилд нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж чадах уу гэдэг асуултын хариуг хайж, олон нийт тэднийг шинжиж байгаа болов уу. Тиймээс энэ удаад АН-аас нэр дэвшигчдийг шинжлээ. Тус намаас нэр дэвшигчдийн дийлэнхийг ерөнхийдөө гурван том улстөрийн бүлэглэлийн буюу улстөрчдийн нөлөөнд байдаг хүмүүс гэж ангилж болох ажээ. Тухайлбал, Б.Хурц, Элбэгдорж нарын нөлөөний, С.Эрдэнэ, З.Энхболд нарын нөлөөний, Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөөний хүмүүс гэж ангилж болох аж.

АН үндсэндээ өнгөрсөн жилүүдэд эдгээр томоохон улстөрчид нь бүлэглэн хуваагдсанаас болж ихээхэн хямарсан. Зарим нь бүр намтайгаа эвлэрэхийн аргагүй зодолдож, хашааны гадна талд гарсан ч сонгуулийн нэр дэвшилтээс ердөө хэдхэн хоногийн өмнө буцаж эвлэрэн, талын нэг тарсан нэр дэвшигчдээ буцаан хурааж нэр дэвшүүлээд байна. Өнгөц харахад АН эвлэрсэн мэт харагдаж байгаа ч энэ бол ердөө сонгуулиар санал авах гэсэн түр зуурын эвлэрэл гэдэг ойлгомжтой.
Гэхдээ энэ тухай олныг үл нуршин хэн гэдэг нэр дэвшигч хэний нөлөө буюу гар, хөлийн үзүүрт нэр дэвшиж байгааг анзаарч нэг харцгаая. Тагнуулын дарга асан Б.Хурц, Ц.Элбэгдорж нарын нөлөөний нэр дэвшигчид гэвэл, О.Амгаланбаатар /Говь-Алтай аймгийн Засаг дарга асан/, Б.Наранхүү /УИХ-ын гишүүн/, П.Батчимэг /АПУ-гийн Г.Батхүү агсны дүү/, Э.Бат-Үүл /Улаанбаатар хотын Засаг дарга асан/, О.Алтангэрэл /Хуульч/, Ж.Батсуурь /Сүхбаатар аймгийн Засаг дарга асан/, С.Баярцогт /Сангийн сайд асан/, Да.Ганболд /Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн асан/, О.Баасанхүү /УИХ-ын гишүүн/, Б.Бямбасайхан /Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн/, Д.Батбаяр /Кёкүшюзан/, С.Баатархүү /АН-ын ЕНБД/, О.Магнай /АН-ын НБД/, С.Эрдэнэболд /АН-ын АСХ-ны тэргүүн/, Н.Пунцаг /Авто тээврийн газар/, Ч.Өнөрбаяр /Ерөнхийлөгчийн зөвлөх асан/, Түвшин /АПУ/ нарын нэр дэвшигчид багтаж байна.
Харин АН-ын дарга С.Эрдэнэ, түүний зөвлөх З.Энхболд нарын гар, хөлийн хүмүүс гэвэл, Д.Золжаргал /НДЕГ/, О.Батханд /сэтгүүлч/, Д.Алтангэрэл /Нет капитал ББСБ-ийн зөвлөх, Сүндийгийн ах/, З.Нарантуяа /УИХ-ын гишүүн/, Ч.Даваабаяр /Баялаг бүтээгчдийн холбоо/, Д.Үүрийнтуяа /АМГТХЭГ-ын дарга асан/, Ц.Туваан /АН-ын дэд дарга/, Д.Оросоо /Баянгол дүүргийн Засаг дарга асан/, М.Энх-Амар /генерал/, С.Одонтуяа /Баянгол дүүргийн Засаг дарга асан/, Д.Батцогт /УИХ-ын гишүүн асан/, Пунсалмаа /М-ойл ХХК/ нар багтаж байна. Харин Ерөнхийлөгчийн нөлөөний хүмүүс гэвэл, Баян-Өлгийд нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Мурат, Ерөнхийлөгчийн зөвлөх Адьяасүрэн, УИХ-ын гишүүн асан Д.Ганбат, Ховд аймагт нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Адьшаа, Баянгол дүүргийн Засаг дарга асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдагва, Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Булгамаа нарыг нэрлэж болох юм.
Д.НАРАНЗУЛ
Эх сурвалж: Sonin.mn

offshore.mn

http://offshore.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.