Бие даалаа гээд БЭТМЕН болж дөнгөхгүй ээ, бие даагчид аа

-Тэгээд ч БЭТМЕН кинондоо л БЭТМЕН болохоос бус амьдрал дээр хэн ч биш гэдгийг улс төрийн баатар болохыг эрмэлзэж буй бие даагчдад сануулж хэлэх нь ичмээр санагдах ч хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш гэдэг үг бас бодогдох л юм, хаяа даа-

Дэлхий нийтийг хамарсан коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор Амеркийн “Warner” Bros” кино студи “Бэтмен” киноны зураг авалтаа хойшлуулсан ч, их удалгүй дахин эхлүүлсэн тухай мэдээг уншиж суугаа энэ мөчид “Монголоор дүүрэн бэтмен болох нь дээ” гэдэг бодол төрж буй нь УИХ-ын сонгууль хаяанд ирсэнтэй холбоотой нь мэдээж. Учир нь, энэ удаагийн УИХ-ын сонгуульд 208 бие даагч нэр дэвшихээр бүртгүүлсэн нь яах аргагүй түүхэн тоон үзүүлэлт бөгөөд 2016 онд энэ тоо 69-өөр хязгаарлагдаж байсан. Харин УИХ-ын санал хураалт дуусахтай зэрэгцэн ганцхан гавьяат жүжигчин С.Жавхлан л ялалт байгуулж, үлдсэн 68 нь цаг, мөнгө, сэтгэл, зүтгэл, итгэл найдвар, дур хүсэл гээд ер нь юу байсан тэр бүхнээрээ ялагдсан, хожигдсон. Гэсэн ч өдгөө энэ тоо багасах бус эргээд 208 болж, гурав дөрөв дахин нэмэгдэн орж ирж байгаа нь ардчилсан Монгол Улсын хувьд сонгох, сонгогдох эрх бүрэн дүүрэн хэрэгжиж байгаагийн илэрхийлэл гэдэгтэй маргах аргагүй.

Бие даагчийг үр ашигтайгаар ашиглах уу, үр дүнтэйгээр дэмжих үү, хамтран ажиллах уу

Гэхдээ тэд УИХ-д орж ирлээ гэхэд нөхцөл байдал өөрчлөгдөх үү. Төр бие даагчдын хүч нөлөөллийг бүрэн дүүрэн ашиглаж, бодлого шийдвэрээ хамтарч боловсруулах уу. Энэ тохиолдолд төр гэдэг нь яах аргагүй олонхийн санал авсан улс төрийн нам бөгөөд тэд бие даагчийг үр ашигтайгаар ашиглах уу, үр дүнтэйгээр дэмжих үү, хамтран ажиллах уу гэдэг асуудал энд яригдах уу л гэдгийг л асуугаад байгаа хэрэг. Харамсалтай нь, УИХ-ын гишүүн С.Жавхлан энэ тухай “Сонгогчдоос маань “Өөрийн тань улс төрийн ганцаардлыг бид хажуугаас тань харж, халаглаж суух юм” гэх зэргийн надад хаягласан олон санал хүсэлт ирлээ. “Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй” гэж ярьдаг. Улс төрийн ганцаардлыг би маш их амслаа. Энэ бол их хэцүү зүйл байдаг юм байна” хэмээн хэцүүг нь мэдэх хүний хувиар учирлаж байсан бол 2008-2012 оны парламентад бие даагч гишүүнээр сонгогдсон, соёлын гавьяат зүтгэлтэн, 25 телевизийн захирал З.Алтай “УИХ-д бие даагч УИХ-ын гишүүний үзэл санаа зорилт, мөрийн хөтөлбөрөө үйл хэрэг болно гэж байдаггүй юм байна лээ. Амьд жишээ нь би байна шүү дээ. Би зүгээр хэлье. Сэтгэл чинь сайхан байна. Над шиг бухимдаад л, “Ганц дайчин ганцаардахгүй ээ, үзнэ” гэж бодож байгаа байх. Гэхдээ хамгийн гол нь үр дүн гардаггүй юм байна лээ л гэж хэлмээр байна, би. Тийм учраас бол аль болох эвсэл бүлэг болж орж нэгдэж байж  чиний уурлаад хийх гээд зориод байгаа зүйлийг ажил хэрэг болгоно уу гэхээс биш ганц хоёроороо бие даагч болчих юм бол шал дэмий л гэж хэлмээр байна. Нээрээ шүү, би үүнийг дөрвөн жил өөрийн биеэр амссан. Үр дүнд хүрээгүй.УИХ-д орж “Хулгайч луйварчингууд минь хэрээ мэдээрэй” гэж орилсон нь үнэн. Над шиг юмыг ямар ч хуулийн төслөө бариад орохоор “Өө.. чи муу хэн юм бэ” гэж шууд хэлэхгүй ч гэсэн доторх санаа нь тийм л байдаг байсан” гэсэн байх юм. Үүний өмнөх 2000 оны УИХ-ын сонгуульд Л.Гүндалай гишүүн гэхэд бие даан нэр дэвшич ялалт байгуулсан ч мөн л “Ажил хийх боломж алга” гэж зарлаад, Ардчилсан намд гишүүнээр элссэн байдаг. Дээрх жишээнүүд ерөнхийдөө бие даагч УИХ-ын гишүүдийн туулсан туршлага болоод алдаа.

Э.Бат-Үүл Ардчилсан намаас Сүхбаатар дүүрэгт мандат авах тохиролцоонд хүрсэн

Тиймээс ч саяхан л УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийлээд байсан Улсын баатар бөгөөд УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл бие даан нэр дэвших шийдвэрээсээ ухарч, Ардчилсан намаас Сүхбаатар дүүрэгт мандат авах тохиролцоонд хүрсэн байгаа юм. Харин бусад бие даагчдын хувьд Э.Бат-Үүл хүртэл бие даан нэр дэвшээд байхад гэсэн эр зоригийн тарни уншсан шигээ 801 гарын үсэг цуглуулахаар гүйлдэж буй. Мэдээж энэхүү төсөөлөл, мөрөөдөл нь хувь хүнийх нь хувьд нэг их гэмгүй бөгөөд хүүхэд байхдаа дор бүрнээ БЭТМЕН болохыг хүсч мөрөөддөг ч байсан юм билүү хэн мэдлээ. Монголоо битгий хэл дэлхийг авраад л… Энэ бол байж болох л мөрөөдөл. Тэгээд ч Э.Бат-Үүл нэр дэвшигчийг хасаад үлдсэн 207 нэр дэвшигчийн дунд Монголын ирээдүйн хөгжилд үнэ цэнтэй хувь нэмэр оруулахуйц залуус цөөнгүй байгаа нь үнэн. Дэмжиж туслаад УИХ-ын гишүүн болгочихвол шударга ёсыг тогтооход хувь нэмрээ оруулдаггүй юм гэхэд хувь бүртээ мэргэшсэн салбартаа ахиц авчрах төвшний шилдэг сэхээтнүүд ч бий. Гэсэн ч тэд ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэдгийн нэгэн адилаар УИХ-д эсрэг кноп дарж, үг хэлэхээс цаашгүй тийм л мануухай болж хувирна. Бие даагч УИХ-ын гишүүдийн туршлага, ухаарал ч үүнийг нотолсон. Эс бол УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн адилаар УИХ-ын чуулганы танхимд хашгирч, орилж, цаас урж жүжиг тавих төдийхнөөр жинхэнэ утгаараа төрийг ч, өөрийгөө ч самраах нэгэн болж хувирна. Нэг бол УИХ-ын гишүүн С.Жавхлан шиг чуулгантай өдрөө УИХ-ын хуралдааны танхимд үлгэр яриад, чуулгангүй өдрөө урлагийн тоглолт хийгээд явахаас өөр замгүй болно.

Бэтмен болохоос цаашгүй бие даагчид

Гэтэл биднийг болоод шинээр байгуулагдах УИХ-ыг коронавирусын дэгдэлтээс үүдсэн эдийн засгийн хямрал, үүнээс улбаатай ажилгүйдэл, ядуурал, аж ахуйн нэгжүүдийн дампуурал, Чингис, Самурай бондын эргэн төлөлт, шинэ Үндсэн хуулийг дагаж мөрдөх улс төрийн шинэ орчин нөхцөл хүлээж байгаа. Иймд хүнд нөхцөлд баг бүрдүүлж дөнгөхгүй баатрууд Монголыг аврах нь юу л бол. Харин ч орилоон, хашгираан, зөрчилдөөн, тэмцэлдээн л олон хөгтэй болох нь тодорхой. Тэр олон хөг нийлээд нийлээд БЭТМЕН болж дөнгөхгүй. Тэгээд ч БЭТМЕН кинондоо л БЭТМЕН болохоос бус амьдрал дээр хэн ч биш гэдгийг улс төрийн баатар болохыг эрмэлзэж буй бие даагчдад сануулж хэлэх нь ичмээр санагдах ч хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш гэдэг үг бас бодогдох л юм, хаяа даа. 

Эх сурвалж: eguur.mn

offshore.mn

http://offshore.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.