Дорноговийн “Симба” буюу УИХ дахь хайран суудал

Швейцарь дахь оффшор бүсэд хоёр ч данс эзэмшдэг гэдгээ АТГ-т бичгээр мэдэгдэж байсан Дорноговийн “Симба” хамтлагийн ахлагч Б.Дэлгэрсайхан гишүүн хөрөнгө орлого, эзэмшдэг орд газраараа УИХ дахь тэргүүн баячуудыг ардаа хол орхидог. Түүний халаасанд “Дорнын говь”, “Болдтөмөр Ерөө Гол”, “Монголиан Транс Ложистик” ХХК, “Монтай-Эрдэнэ” ХХК, “Дорнын говь Шанд Анд” ХХК, “Эйфел Вью Юниверсал Холдингс” компани бий. Эдгээр компаниас шууд ашиг хүртэгч, өмчлөгч нь УИХ-ын гишүүн Борхүү овогтой Дэлгэрсайхан.  

Улс төр, бизнесийн хүрээнийхэн дундаа АТМ хэмээгддэг Б.Дэлгэрсайхан гишүүн зальжин, ов мэхтэй, гүйлгээ ухаантай гэдгээрээ өнөөгийн парламентчдаасаа ялгардаг. Ямар сайндаа л оффшор бүс дэх хоёр ч данс нь ил болохтой зэрэгцэн “Эдийн засгийн хямралаас эх орноо аваръя” гэх уриалга дэвшүүлээд 100 сая төгрөг хандивлаад олон нийтээс түүнийг чиглэсэн хараал, зүхлийг нам дарчихаад марсайтлаа инээж суусан нэгэн.  

Махны наймаагаар бизнесээ эхлүүлж, улмаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хятадуудтай хамтарч "Болдтөмөр Ерөө Гол” компанийг үүсгэн байгуулсан түүний ард урд хөршийн бизнесийн томоохон бүлэглэлүүд бий гэх яриа чих дэлсдэг. Тиймдээ ч алт, төмрийн хүдэр, уран, нүүрс, жонш гээд газрын доорх хамаг баялгийг нь цөлмөгчид хятад компаниуд гэдгийг дорноговьчууд хэлдэг. Хятад эзэдтэй компаниуд Дорноговийн аль ч суманд бий бөгөөд том том машин хөлөглөж, нутгийн иргэдийг хүн гэж тоохгүй болтлоо занхайсан гэдгийг онцолдог. Ганцхан л жишээ дурдая.

Дорноговь аймгийн Айраг суманд өдгөө баяжуулах, боловсруулах чиглэлийн зургаан компани үйл ажиллагаа явуулж байна. Зуун ямаанд жаран ухна гэгчээр 5000 хүрэхтэй үгүйтэй хүн амыг тойруулаад жонш баяжуулах зургаан үйлдвэрийн эздэд дураараа дургих эрх олгосон эрх мэдэлтнийг аймгийн Засаг ноён Т.Энхтүвшинг гэдэг юм билээ. Ингэхдээ “Янтай-Уул”, “Хур газар” гэх мэт дангаараа гүний усны хагалбар эзэмшиж, 3-5 худаг өмчилсөн хятад эзэдтэй энэ мэт жонш, хүдэр олборлогчид говийг усгүй болгоод зогсохгүй орон нутгийн малчдыг бэлчээр, өвөлжөө, хаваржаагүй болгож туйлдуулдаг мэдээлэл бидэнд бий. Энэ мэт олборлогч хятад компаниудыг орон нутагтаа залчихсан Засаг дарга, тойргоо ойр зуурхан комьпютер, өнгөт принтер, хүүхдийн тоглоомоор хуурчихдаг Б.Дэлгэрсайхан гишүүнд урд хөршийнхөнд бөхөлзөх том эрх ашиг бий.

Тэр нь өөрийнх нь шууд эзэмшлийн “Болд Төмөр Ерөө Гол” компани болон бусад компанийнх нь хөрөнгө оруулалт, гадаад хамтын ажиллагаанаас нь шууд харагддаг. Тухайлбал, хувийн хэвшлийнхнээс анх удаа өөрсдийн хөрөнгөөр төмөр зам тавьж зүтгүүр, ачааны вагонтой болж газрын ховор элементийг урд хөрш рүү зөөсөн хүн бол Б.Дэлгэрсайхан гишүүн. Монголын баялгийг урд хөрш рүү боловсруулаагүй чигээр нь 1000 вагоноор зөөж хөлжсөн гэгдэх энэ эрхэм амташсан хэрээ 13 дахина гэгчээр Дорноговиосоо ирэх парламентад суух эрх авахаар сонгуульт ажлаа эхлүүлжээ. Одоогоор 13 дугаар тойрог буюу Дорноговьд түүнтэй өрсөлдөх нэрс сонсогдохгүй байгаа ч “Эрдэнэс Монгол” компанийн захирал О.Одбаяр нэр дэвших юм. 

Б.Дэлгэрсайхан гишүүний баруун гар гэгдэх аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинээр дамжуулан байсгээд тойргийнхыхоо тархийг “угаах” ажиллагааг эрчимтэй хийлгэдэг тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа том пиараар эхлүүллээ. Тодруулбал, Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлсэн тул 2019 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ 21 аймгаа хошуучлан хоёр дахь удаагаа “Шилдэг аймаг”-аар Дорноговийг нэрлүүлсэн нь Б.Дэлгэрсайхан гишүүнд том сурталчилгаа болов. Мөн Б.Дэлгэрсайхан гэх нэрийг сонсоод Дорноговьчуудын дурсамжинд тарааж өгсөн "iphone" утас, сар шинийн баярын өдрүүдэд ахмад бүрт 20 мянган төгрөг, сүүний хамт бэлэглэдэг бэлэг сэлт зэрэг нь сэтгэлд нь буудаг гэсэн.

Тэрбээр Сайншанд хотод нэг цэцэрлэг, 50 ортой хүүхдийн эмнэлэг, Замын-Үүд суманд нэг цэцэрлэг бариулсан нь оноо авчирдаг юм билээ. Гэхдээ сайтар бодвол, мянгыг аваад нэгийг “хаядаг” эрхэм бизнесмэн төрд суухыг санаархахгүйгээр дээрх хэд хэдэн компаниа аваад явбал төрийг олигархиудаас салгах ховилдоо алив бүхэн орох гээд байх юм. Даанч эрхэм гишүүнд бүрэн эрхтэй түшээ байх нь хэмжээлшгүй их хэрэгтэй учраас Дорноговь, Улаанбаатарын хооронд дүүжин даажиндаад үлдэх сонирхол асар их байх нь мэдээж. Нэг үеэ бодвол арга зальтай, арван хуруунаас хэтэрсэн бизнестэй нөхөд иргэдийн сонирхлыг татахаа байсан нь олз юм. Үгүй бол тараасан хэдэн компьютер, цэцэрлэгийн гадна талбайн тоглоомоор нүүрээ тахлаад сурталчилгаагаа тултал хийж мэдэх л хүн дээ, Б.Дэлгэрсайхан гишүүн. Юутай ч ирэх парламентад Дорноговийн “Симба” хамтлаг тарах уу, түшээ болж таахалзах уу гэдгийг харах л үлдлээ. 

МӨН ЧИГ ДУУГҮЙ МӨӨЖИГ МИНЬ

Дорноговийн “Симба” хамтлаг Б.Дэлгэрсайхан гэх ахлагчтай бол Г.Мөнхцэцэг гэж “дуучин”-тай. Жирийн иргэн байхдаа “Болор цом”-ын тайзан дээрээс 
Асгараад чиг цутгана уу дуслаад чиг орно уу яавал чиг яаг дээ
Аясыг нь дагаад нороод л буцна
Аашлаад чиг хөөнө үү аргадаад чиг сууна уу яавал чиг яаг дээ
Амрагтаа би очихдоо л очно...хэмээн уянгалуулдаг найрагч бүсгүй төрийн ордонд ороод төрөл арилжсан хатагтайн дүрд хувирч хайран сайхан авьяасаа “зэврүүлчихсэн”. Угаас урлагийнханд тохирдоггүй улс төр гээчийг өнгөрсөн дөрвөн жилд тавьсан Мөөжиг авхайд тойрогтоо “Энэ миний хийсэн ажил” гээд бардамхан хэлчих бүтээн байгуулалт даанч алга.  

Угтаа бол өнгө зүс, алхаа гишгээг нь харвал, хамтлагийнхаа гоцлол дуучин байхаар заяагдсан ч өнгөрөгч парламентад мөн чиг дуугүй Мөөжиг хэмээгдсээр тайзнаас буух гэж байна. 
2012 оноос хойш нэг тойрог болж ирсэн Дундговь, Говь-Сүмбэрийг энэ жилийн сонгуулийн хуулиар өөрчилж хоёр салгасан. Угтаа бол 1992-2008 онд тус тойрог хоёр мандаттай байсан ч 2011 оны Сонгуулийн тухай хуулиар мандатын тоог нэгээр цөөлсөн байдаг. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарь ёсоор хөдөө орон нутгийн 21 аймагт 20 мандат хуваарилсан. Хамгийн бага хүн амтай Говьсүмбэрийг Дундговьтой нийлүүлж нэг тойрог болгосон. Үүнтэй холбоотойгоор тус тойрогт нэр дэвшигчдийн марафон амаргүй байх бололтой.

Хуучнаар бол Дундговьд нэр дэвшигчид дан ганц Дундговийнхоо 48 мянган иргэний сонголтоос хамаарч гарч ирдэг байсан бол энэ удаад Говьсүмбэрийн 16 мянган иргэний сонголт мөн тэдэнд нөлөөлөх нь. Өөрөөр хэлбэл, Дундговиос нэр дэвшигчдийн шалгуур өндөрсөнө гэсэн үг.

Эрх баригч намаас Говьсүмбэр аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг 2016 оны сонгуульд Дорноговь, Говьсүмбэр аймгийн 12 дугаар тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулсан. Гэвч эргээд очих нүүргүй, сонгогчдодоо хүндлэгдэх нэргүй дөрвөн жилийг барсан гэдгийг тойргийнхон нь хэлдэг юм билээ. Тэрбээр бүрэн эрхт гишүүн байх хугацаандаа жилийн 57 сая төгрөгийн орлоготой болсон бол гэр бүлийн гишүүд нь 67 сая төгрөгийн орлоготой гэдгээ АТГ-т мэдүүлжээ. Мөн хоёр орон сууцтай.

Тэдгээр нь 570 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа бол Toyota,Prius, Lexus маркийн хоёр машинтай, түүнийгээ 45 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 23 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай, 130 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, нэг сая төгрөгийн хадгаламж, гурван сая төгрөгийн зээлтэй гэдгээ мэдүүлсэн байна. Гишүүний хувьд ямар нэгэн хувийн компани байхгүй бөгөөд Эрдэнэс таван толгой ХХК, Говь ХК, Улсын их дэлгүүр ХК-иудаас  хувьцаа эзэмшдэг байна. Тойргийнхоо сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлахаас өөр дорвитой ажил хийгээгүй эрхэм бүсгүй энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гэх мэдээлэл байна. 

Энэ нь ч дээр биз. Учир нь түүнийг төрд төлөөлөл болгож илгээсэн дундговьчууд аймгуудын өрсөлдөх чадварын индексээр сүүл мушгих болсон нь Г.Мөнхцэцэг хатагтайд тавьж буй дүн мөн билээ. МАН-аас Г.Мөнхцэцэг, АН-аас Х.Наранхүү мэт нь саналаа өгөөч гээд ирвэл нүүр өгөхгүй гэдгээ хэлдэг Дундговийнхон энэ удаад дараах нэр бүхий хүмүүсээс сонголтоо хийх магадлалтай, сураг дуулдаж байна.

Тодруулбал, Говьсүмбэр, Дундговь аймгийн тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Д.Дамба- Очир, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд нар нэр дэвших нь бараг тодорхой болсон бол АН-аас УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн, АН-ын дарга С.Эрдэнийн туслахаар ажиллаж байгаад Улаанбаатар Смарт карт компанийн ТУЗ-ын дарга Б.Мөнхболор, Б.Наранцацаралт агсны хүү Н.Соёмбо нарын нэр яригдаж байгаа аж. Мөн Шинэ намаас Гаалийн ерөнхий газрын дарга асан О.Ганбат горилж байгаа сураг чих дэлсэв. 

Юутай ч хоёр аймаг нэг тойрог болж, горилогчдын хэн нь хэн бэ гэдгийг таних цаг үе тулчихлаа. Боов чихэрхэн тарааж, өөрсдийнхөө царайг ном, дэвтэр, данх саван дээр хэвлэж тараагаад тусыг олдог үе нэгэнт өнгөрсөн гэдгийг сануулах нь зүйтэй билээ. Харин хэн үнэн өөрөөрөө байж чадсан нь, хэн эрдэм мэдлэг, туршлагаа зарлаж, тэр нь төрийн ажилд ямар хэрэгтэйг таниулж чадсан нь ирэх парламентад Дорноговь, Дундговийн иргэдийг төрд төлөөлнө.   

ЭХ СУРВАЛЖ: М.МӨНХ, ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

offshore.mn

http://offshore.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.