Б.Пүрэвдорж гишүүн ээ, пиар чинь буруу байлаа

Сонгууль дөхсөн, хажуугаар нь коронавирустэй холбоотойгоор эдийн засаг хямарсан энэ үед сөрөг хүчин болоод парламентад суудалгүй намын төлөөлөл болсон улстөрчид амандаа орсон болгоныг ярьж байна. Гадаадад байгаа бүх монголчуудаа яаралтай авчир л гэнэ. Хүн бүрт 1 сая төгрөг өг. Гадаадад амьдарч буй иргэддээ 500 ам.долларын тусламж олго гэх мэтээр үргэлжилнэ. Өөрсдөө шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхгүй учраас эрх баригчдаас юу ч нэхсэн яахав гэсэн тактик хэрэглэж байгаа хэрэг. Бас хажуугаар нь сонгуулийн оноо цуглуулах зорилготой. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн сонгуулийн оноо авах, дахин дахин ярих сэдэв нь НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулах хууль байлаа.  Уг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өргөн барьсан хууль. Гэтэл хэлэлцэхгүй байсаар хаврын чуулгантай залгасан. 

Хаврын чуулган хүртэл хав дарагдсан нь харин ч зол болов. Коронавирусийн халдвараас үүдэлтэйгээр хөл хорио тогтоосноос болж аж ахуйн нэгжүүд хаагдаж, эдийн засаг хүндэрч эхэлсэн.  Компаниуд ажилчдаа цомхотгож, ажилгүй иргэдийн тоо ч тодорхой хэмжээнд нэмэгдэв. Яг ийм эгзэгтэй үед аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор НӨАТ-ын хэмжээг 5 хувь болгох нь зөв гэж хэд хоног л хэвлэлээр ярьсан.  Түүний санаачилсан хуулийг  хэлэлцэх үеэр "Төсвийн орлогын 30 хувийг бүрдүүлдэг НӨАТ нэн ядуу амьдарч буй иргэдийн нуруун дээр ачаалал үүсгэж байдаг. НӨАТ 5 хувь болсноор татварын бааз суурь нэмэгдэнэ. Ялангуяа орон нутгийн болон зах худалдаа, жижиг аж ахуйн нэгжүүд татварын үйлчлэлд орох боломж бий болно. НӨАТ далд бизнесийг ил болгодог" хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Түүний зөв, дэмжиж байна.  Гэвч эрх баригчид дэмжээгүй. Сангийн сайд ч сонгууль дөхсөн ч энэ мэт сэдвээр попрохгүй байхыг гуйж, дэмжсэнгүй.  Ингээд л НӨАТ 5 хувь болох хууль урагшаа ч ахилгүй өнгөрлөө. 

Б.Пүрэвдорж гишүүний санаачилга, жаахан мушгивал пи ар буруу байлаа. Н.Оюундарь гишүүний НӨАТ-ын буцаан олголтыг 7 хувь болгох хуулийг л дэмжээд дайрчих байсан юм. Гэхдээ 7 гэдэг тоо бас урагшаа ахихгүй нь тодорхой байсан.  Иргэдээрээ хөөрхөн наадаад, хууль санаачилсан нэр зүүгээд өнгөрч байгаа юм. Түүний оронд Б.Пүрэвдорж гишүүн хуулийнхаа агуулгыг өөрчлөөд, НӨАТ-ыг 5 хувь болгох биш буцаан олголтыг 5 хувь болгох талаас нь ярьж, пи ар хийсэн бол зөв байхгүй юу. 5-аа болъё оо, ядаж 3 болгож болно оо доо. 

НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр төсвийн орлого эрс сайжирсан. НӨАТ-аас улсын төсөвт төвлөрөх орлого жил бүр өсч байна. Улсын төсөвт 2019 онд НӨАТ-ын төрлөөр төвлөрүүлсэн татварын орлого 1 их наяд төгрөгийг давсан. Энэ нь 2018 онтой харьцуулахад,  189.9 тэрбум төгрөг буюу 21.1, 2016 онтой харьцуулахад, 530 тэрбум төгрөг буюу 94.3 хувиар нэмэгдсэн байна.  НӨАТ-ын төрлөөр 2016-2019 онд улсын төсөвт нийт 3.3 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ. Тэгвэл 2019 онд 1 их наяд давсан орлогынхоо ердөө 15 орчим хувийг буюу 139 тэрбум төгрөгийг л иргэдэд буцааж олгосон гэсэн үг.  Энэ буцаалтын хувийг одоо нэмэхэд буруудах юмгүй. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар НӨАТ-ын системийг тогтвортой, баталгаатай ажилладаг болтол хувь хэмжээг өөрчлөхгүй гэсэн утгатай мэдэгдлийг өнгөрсөн дөрвөн жилд илэрхийлж ирсэн. Тэгвэл НӨАТ-ын систем харьцангуй тогтвортой, зөв ажиллаж, далд эдийн засгийг боломжоороо ил болгож эхэллээ. Одоо захууд болон жижиг худалдааны төв, наймаачдаас НӨАТ-аа авчихвал болох гээд байна.  Тэгэхийн тулд багахан өөрчлөлт хийх хэрэгтэй юм биш үү. 

Эдийн засаг хүндэрсэн энэ үеийн далимдуулаад НӨАТ-ын буцаан олголтыг ядаж л 3, болбол 5 хувь болгож нэмэгдүүлмээр байна. Иргэдэд ирэх мөнгө бага ч болов нэмэгдэнэ.  Нэг хувиар нэмэхэд л улиралдаа 40 мянган төгрөгийн буцаалт авч байсан хүн 60 мянгыг авна шүү дээ. Шууд татварт цугласан мөнгөнөөс гаргахад тийм хүндрэлтэй байгаа бол сугалаагаа болиулчих. Эдийн засаг хүндэрчихээд байхад сугалаа сугалж, хэсэг хүн хонжвор хожих нь шударга тогтолцоо биш үү. Тэр мөнгөө буцаан олголт руугаа шилжүүлээд, 3 хувь болгох ажлыг эхлүүлбэл яасан юм. 

Яг ийм шаардлагыг нь эрх баригчдад сөрөг хүчнийхэн тавих хэрэгтэй байна. Юун гадаадад байгаа иргэдэд 500 ам.доллар өгөх. Иргэн бүрт сард сая төгрөг олгох. Жаахан хөрстэй юм ярь. НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулах хуулийг угаасаа эрх баригчид дэмжихгүй нь тодорхой байсан.  Тэгээд 5 хувь болгож буурууллаа гээд аж ахуйн нэгжүүд яг тэр хэмжээгээр үнээ нэмнэ гэж хэн хэлсэн юм. Хянаж чадах юм уу.  Одоо НӨАТ төлөхгүй, нэхэхээр "Тэгвэл 10 хувь нэмнэ шүү дээ" гэдэг худалдаачид өөрчлөгдөх үү. НӨАТ өгөөч гэхээр "Тэгвэл 5 хувь нэмнэ" гээд л байж байна. Ямар ч ялгаагүй.  Харин буцаан олголтыг 3, цаашлаад 5 хувь болгочихвол хүн бүр баримтаа бүртгүүлэхийн төлөө хичээнэ. Худалдан авалт бүрээсээ шаардана. НӨАТ өгдөггүй газраа аль болох худалдаа хийхгүйг хичээнэ.  

Тиймээс пиараа өөрчилж, буцаан олголтыг нэмэхэд чиглүүлэх байсан юм. Дахиад хэлэхэд, Н.Оюундарь гишүүний буцаан олголтыг 7 хувь болгох гэдэг зүгээр л ард түмнийг доромжилж байгаа хэлбэр. Угаасаа тийм болгохгүйг мэдсээр байж хэт өндөр тоо тавьж оруулж ирж байгаа юм. Ганц ч болов хууль санаачилж, иргэдийн төлөө ажиллаж байгаа нэр зүүх гэсэн ядруу оролдлого. Үнэхээр тэр сэтгэл гаргасан бол буцаан олголтыг 3-4 хувь болгож нэмэх хууль санаачлах байсан юм.  Одоо ч энэ хуулийг санаачлах, эрх баригчдыг шахахад оройтоогүй байна. Тиймээс Б.Пүрэвдорж гишүүнд зөв пиар хийх бяцхан зөвлөгөө өгөөд байгаа минь энэ.  

 Эх сурвалж: Zaluucom.mn

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.