МАН-д ЖДҮ-чид байхад хандив ч цаашаа

АН-ынхан 100 сая төгрөг хандивласан хүнээ УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлнэ гэсэн бол МАН-ынхан эсрэгээрээ ганц ч төгрөг авахгүй гэнэ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн байдаг. Товчхондоо намын дарга У.Хүрэлсүх нь нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн санхүүжилт авахгүй байхыг үүрэг болгожээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ тухай “Манай нам энэ удаад УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс хандив авахгүй. Улс төрийн намын санхүүгийн байдал ил тод байх ёстой гэсэн байр суурийг баримталж байна. Тойргийг томсгосон нь аль болох мөнгөний хүчин зүйлээс хол байлгах гэсэнтэй холбоотой. Мөнгөөр сонгогддог байдлыг халах зорилготой. Намын дарга мөн нэг зарчмын асуудал сая ярилаа. Нэр дэвшихээр горилж байгаа эрхмүүд мөнгөн хандивыг ард иргэд болон ААН-ээс авч болохгүй, ийм асуудалд холбогдсон этгээдийг нэр дэвшүүлэхгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Хоёрдугаарт, хандивын хэмжээгээр нь ажил албан тушаалд томилдог байдлыг таслан зогсооно. Мөн ЖДҮХС-ийн зээл болон, 60 тэрбумын асуудал, авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэх эсэхийг сайн ярилцана” гэсэн гэх тайлбарыг өгсөн.

Түүнчлэн нэр дэвшигчдэд ёс зүйн болон олон нийтийн дундах рейтингийн шалгуур тавина гэдэг яриа ч гарсан аж.

Харин энэ тухай нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ЖДҮ-тэй, улсын төсвөөр угжуулж байгаа нам сайхан юмаа. Нам нь гишүүдээсээ сурталчилгааны мөнгө татаас бага боловч авахгүй гэнэ” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Ёстой юу үнэн . Тэр үнэн байлаа.

Хэрвээ МАН эхлээд 60 тэрбумын ярианаас салахын тулд 2 хүнийг золигт гаргах бус үнэн, мөнийг нь олсон бол. Ядаж л парламентад байгаа ЖДҮ-чидтэйгээ хариуцлага тооцож, өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдээсээ нүүр буруулахын оронд үнэнээ өчсөн бол монголчууд итгэх байлаа.

МАН-ын даргын төрсөн дүүгээс эхлээд, генсек Д.Амарбаясгалан нь ч өөрөө ЖДҮ-чин гэдэг нь олонд илэрхий болчхоод байхад жишим ч үгүй яваа нь иргэдийг дорд үзэж, хууль, шүүхийн байгууллагыг атгасандаа бардсаных болов уу.

Нэгэнт ЖДҮ-чдээ хамгаалж, УИХ-даа авч үлдсэн болохоор тэдгээр гишүүд нь намаа хангалттай угжсан нь гарцаагүй. Тиймээс төд удахгүй ЖДҮ-чид нь ёс зүй өндөртэй, олон нийтийн дунд рейтинг сайтай хэмээгдэн нэр дэвших эрхээ өвөртлөн тойргоо зорих биз.

М.Энхболдыг УИХ-ын дарга байхад л шүдгүй арслан шиг МАНАН-тай тэмцэж чадахгүй хэцүү байна хэмээн гоншгонож явсан МАН-ын дарга У.Хүрэлсүх, одоогийн Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар түүнийг огцруулаад л чимээгүй болсон. Эрх мэдлийг гартаа авсан ч шүдэлж гүйцээгүй шударга бустай тэмцэх биш харин ч халхавчилж, хаацайлсаар өнөөг хүргэсэн. Тиймдээ л ЖДҮ-чидтэйгээ мөр зэрэгцэн алхаж, мөнгийг нь сонгуулийн ажилдаа ашиглах гэж байна гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Эхлээд ЖДҮ-чидтэйгээ хариуцлага тооцсон бол МАН-ынхны нэр дэвшигчдээс ганц ч төгрөг авахгүй гэх үлгэрт итгэх л байлаа.

 Эх сурвалж: Erennews.mn

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.