ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх  ажлын хэсгийн анхны хурал /2026.10.08/ болов.

Ерөнхий сайд  Н.Учрал Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамирт өгч, ажлын хэсгийг ахлуулж ажиллуулахаар болов. Ажлын хэсэг сар бүр тогтмол хуралдаж, тулгарч буй асуудлаа урт, дунд, богино хугацаанд эрэмбэлэн, шуурхай шийдвэрлэж ажиллана.  

Ерөнхий сайд Н.Учрал Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг хяналтдаа авч, бүтээн байгуулалтын талбайд энэ оны наймдугаар сарын 10-нд  ажиллаж, тулгарч буй асуудлыг шийдвэрлэхээр болсон. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах чиглэлээр хөгжлийн төлөвлөгөө гаргаж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хүргүүлсэн.  Ажилтны хотхон байгуулах, “Ширээт” дэд станцын өргөтгөлийг үйлдвэрийн Дулааны цахилгаан станцтай холбох, үйлдвэрт эхний хоёр жил гадаадаас инженерийн баг авчирч ажиллуулах зэрэг арга хэмжээнд ахиц гарч байгааг хэлээд үйлдвэр ашиглалтад орсны дараах бүтээгдэхүүний түгээлт, тээвэрлэлт, логистикийн асуудлыг эртнээс шийдвэрлэх шаардлага байгааг хэллээ. 

offshore.mn

http://offshore.mn
© 2026 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.