Инфляц 12.9 хувьд хүрчээ

Монгол Улсын инфляц энэ оны есдүгээр сард 12.9 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.9 нэгж хувиар өсчээ. Өнгөрсөн оны есдүгээр сард инфляц 9 хувьтай байсан бол энэ жил ийнхүү 12.9 хувь болсон байна. Инфляцыг хамгийн их хөөргөсөн зүйл нь хүнсний үнэ аж. Тодруулбал, нийт инфляцын 43.8 хувь буюу 5.6 нэгж хувийг хүнсний бараа, ундаа, усны үнийн өсөлт бүрдүүлжээ. Үүний дараа тээврийн үнэ 2.2 нэгж хувь буюу 17.3 хувь, боловсролын үйлчилгээ 1.2 нэгж хувь буюу 9.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 0.9 нэгж хувь буюу 7.2 хувийг бүрдүүлсэн байна.Ялангуяа махны үнэ нэлээд огцом өсчээ. Энэ оны есдүгээр сард мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 46.9 хувиар өссөн бөгөөд үхрийн мах 48.4 хувь, хонь, ямааны мах 58.5 хувиар нэмэгдсэн байна. Талх, гурил, будааны үнэ ч мөн өсөж, өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар нэмэгджээ. Үүнд гурил болон түүнтэй төстэй бүтээгдэхүүний үнэ 11.1 хувь, гоймонгийн үнэ 28.2 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

offshore.mn

http://offshore.mn
© 2026 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.