Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ

Франц, Тайванийн олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран төрөлхийн зүрхний гажиг, уруул тагнайн сэтэрхий болон нүүрний төрөлхийн гаж хөгжилтэй 30 хүүхдэд мэс заслын эмчилгээ хийжээ. Францын Страсбүргийн их сургуулийн эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын багтай хамтран төрөлхийн зүрхний гажигтай 10 хүүхдэд мэс засал хийсэн байна. Үүнээс найман хүүхдэд цусны зохиомол эргэлтийн нөхцөлд зүрхний нээлттэй мэс засал хийж, тосгуур болон ховдол хоорондын таславчийн цоорхой, тосгуур-ховдлын нэгдсэн суваг, гол судас болон уушгины артерийн цонх зэрэг төрөлхийн гажгийг засжээ. Мөн хоёр хүүхдийн гол судасны хүнд зэргийн нарийслыг мэс заслын аргаар амжилттай эмчилсэн байна. Түүнчлэн Тайванийн Noordhoff Craniofacial Foundation, Chang-Gung Memorial Hospital-ийн пластик мэс заслын профессор Лун Жоу Лоугаар ахлуулсан баг ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий болон нүүрний төрөлхийн гаж хөгжилтэй 20 хүүхдэд мэс заслын эмчилгээ хийж гүйцэтгэжээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2026 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.