“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт Монгол Улсын 21 аймаг 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн 126 сурагч сонгогдон оролцож байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд оролцогчид парламентын боловсрол, хүний эрх, аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй, тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэг, ойлголт олгож, багаар ажиллах ур чадвар, нөлөөллийн ажлын дадлага, туршлагатай болох юм.
“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт оролцогч гишүүдэд хууль тогтоох үйл явцын үе шат, хэлэлцүүлэг, санал хураалтын үйл ажиллагааг бодитоор туршуулах зорилгоор “Загвар чуулган”-ы хуралдааныг өнөөдөр /2026.03.21/ МУИС-ийн хичээлийн байранд зохион байгууллаа.
Энэ өдрийн “Загвар чуулган”-ы хуралдаанд танхимаар 70, цахимаар 56 гишүүн оролцсон бөгөөд нээлтийн хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Цэнгэг ус, байгаль хамгаалах төв, “Wash action” зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов.
offshore.mn