Энэ удаагийн сонгууль их олон талын онцлогтой. ҮХНӨ-өөр 126 гишүүнээс парламент бүрдэх агаад 48 нь жагсаалтаар, 78 нь томсгосон тойрогт өрсөлдөнө. Товчхондоо, пропорциональ тогтолцоогоор сонгууль явагдахын давуу тал нь сонгогчдын санал гээгдэх нь харьцангуй бага. Босго давсан жижиг намууд авсан саналынхаа хэмжээгээр парламентад төлөөлөлтэй болдог. Нэр дэвшигчид орон даяар сурталчилгаа хийх шаардлагатай байдаг тул нийтийн эрх ашиг хөндсөн мөрийн хөтөлбөр дэвшүүлэх нь элбэг.
Харин сул тал нь том намууд тодорхой тооны суудлаа хадгалж үлддэг агаад сонгуулиас сонгуульд Засгийн газарт багтсаар байдаг. Гэвэл МАН, АН хоёр хамтарсан засаг байгуулах нь магадлалын онолын хувьд илүү. ХҮН нам бүлэг байгуулах хэмжээнд очвол засагт ганц сайдтай үлдэж мэднэ. Энэ тохиолдолд хэн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх вэ гэдэг нь асуултын тэмдэг.
Пропорциональ систем нь бие дааж нэр дэвшигчдэд халтай. Тиймээс энэ удаагийн сонгуульд урьд өмнөхөөсөө цөөхөн, ердөө 45 хүн бие даажээ. 2020 оны сонгуульд 208 хүн бие дааж нэр дэвшсэн байдаг.
Тэр тусмаа томсгосон тойрогт жижиг нам, шинэ, залуу, танигдаагүй улстөрчийг дугуйлах магадлал бага. Жижгүүд эвсч, сонгуульд орсон нь ийм шалтгаантай. Нэр дэвшигчид орон даяар сурталчилгаа хийх шаардлагатай байдаг тул нийтийн эрх ашиг хөндсөн мөрийн хөтөлбөр дэвшүүлэх нь элбэг. Парламентын ес дэх удаагийн сонгуульд нэр дэвшигчид намын бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж яваа нь энэ. Жагсаалтад бичигдээд ногоон гэрлээр парламентын гишүүн болох нь амархан ч, асуудал тарьвал нам нь эргүүлэн татах боломжтой. Авлига, хулгай, луйварт холбогдсон гишүүдтэйгээ нам нь хариуцлага тооцох бүрэн боломжтой болно. Парламентын дархлаа суларна гэсэн ойлголт энд байхгүй. Намд бол ямар ч хохиролгүй, дараагийн хүнээ оруулаад ирнэ. Гэх мэтчилэн Ардын намын автор бүхий Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд анхны 126 гишүүнтэй парламент бүрдэнэ.
Үүний гол реформ нь парламентын гишүүдийн эрх мэдлийг багасгаж, үүрэг оролцоог нь нэмэгдүүлэхэд чиглэгдсэн. Өнөөдрийн 76 гишүүнтэй парламент үндсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн. Нэг бол Засгийн газартаа бярдуулж, нөгөө бол 76 сайдтай болчихдог байсан нь шорвог үнэн. Улсын төсвийг УИХ-аар хэлэлцэх үеэр ордонд “ор сураггүй” гарууд гарч ирээд мөнгөний хуваарилалт нэхээд суучихдаг нь жирийн үзэгдэл болсон. Хүссэн албан тушаал, төсөв мөнгийг нь өгөхгүй бол Ерөнхий сайдаа огцруулах нь ч цөөнгүй байв. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг эс тооцвол бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан Ерөнхий сайд ховор.
Тиймээс нэг кнопонд очих эрх мэдлийг бууруулахын тулд гишүүдийн тоог нэмсний цаад зорилго нь парламентын засаглалыг бэхжүүлэх юм. Парламентын засаглал бол ардчиллын баталгаа, бамбай болох учраас.
Дэлхийн геополитик улам хурцдаж, Орос-Украины дайн улам сунжрах нь тодорхой болсон. Урд хөршийн худалдааны дайн ч Монголын хувьд таагүй мэдээ. Газарзүйн онцлогоороо албан бус хоригтой амьдардаг жижиг улсын хувьд парламентын тогтолцоогоо бэхжүүлж байж “амьд” үлдэнэ. Л.Оюун-Эрдэнэ парламентад суудалтай намуудын дарга нартай хөшигний урд болон ард уулзаж, тохирсны гол зорилго энэ.
Товчхондоо, гэр дотроо бид улаан, хөх, ягаан, ногоон өнгөөрөө ялгарч болох ч гэрийн гадна талдаа ганц Монгол. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд холимог сонгуулийн цаадах холыг харсан нүүдэл нь Монголын эрх ашгийг хамгаалах байлаа. Тэр ямартай ч засагласан гурван жилд хийе гэснээ хийсэн, өөрчилье гэснээ өөрчилсөн. ҮХНӨ бол Монголын аюулгүй байдлыг хамгаалах арга тактик гэхэд буруудахгүй.
ҮХНӨ-өөр парламентын гишүүдийн тоог нэмж, сонгуулийг бүсчилж явуулснаар УИХ-ын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл багасна. Төр дэх жалга, довны үзэл багасч, төсвийн зарцуулалт оновчтой болно. Сонгодог парламентын мэтгэлцээний соёлд шилжиж, хууль хэлэлцэн батлагдах чанар сайжирна. Парламентын дархлаа нэмэгдэж, аливаа зүйлд автах, лоббид өртөх эрсдэл буурна. Намууд бодлогын нам болж төлөвшинө. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын хяналт тэнцлийн зарчим хангагдана.
Б.БА