"Монголыг Кремлийн нөлөөнд байлгах сонирхол Х.Баттулгад бий"

"Монголыг Кремлийн нөлөөнд байлгах сонирхол Х.Баттулгад бий"

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Чинбаттай ярилцлаа.

-УИХ-ын 2024 оны сонгууль нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар өнөөдөр нээлтээ хийнэ.  Энэ удаагийн сонгуулийн онцлогийг товчхондоо юу гэж дүгнэж байна?

-Монгол Улс 126 гишүүнийг анх удаа пропорциональ тогтолцоогоор сонгох гэж байна. Пропорциональ тогтолцооны хувьд санал гээгддэггүй сайн талтай ч хүн амынхаа тоонд биш газар нутгийнхаа байршлаар мандатын тоог хуваарилсан нь буруу жишиг тогтоож байна. Тухайлбал, Налайх, Багануур, Багахангай дүүрэг хоёр мандаттай байхад, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт 5 мандаттай буюу 5 нэр дэвшигч байхаар хуваарилсан. Хүн амынхаа тоонд биш газар нутгийн байрлалаас хамаарч мандатын хэмжээг харилцан адилгүй хуваасан нь МАН-ын эрх баригчид хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийг “Малтайгаа адилхан мал. Ард иргэд бол тэнэг мангар хүмүүс. Тэдний саналыг мөнгөөр худалдан авч болдог” гэж боддог учраас ийм хуваарилалт хийсэн.

-Таны хувьд Ардчилсан намын жагсаалтад нэр нь багтсан. Ардчилсан нам нэр дэвшүүлэх процесстоо хэр ач холбогдол өгч, дотоод ардчиллаа хэрхэн хангасан гэж үзэж байна?

-Дотоод ардчилалтай байсан гэж худлаа яриад яах вэ. Ардчилсан намаас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрийг Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хоёр хүний захиа даалгавраар, өөрөөр хэлбэл энэ хоёр хүний цаана байгаа Кремль, Кремлийн цаана байгаа Бээжингийн захиа даалгавраар зурсан. Ер нь бол Ардчилсан намаар Монгол Улсад авчирсан  ардчилал, эрх чөлөөг нь устгуулах үйл явц үргэлжилж байна. Тийм учраас намын дотоод ардчилал, шударга өрсөлдөөн гэх мэт гоё, чамин тодорхойлолтын талаар ярих нь илүүц байх. Байхгүй ойлголтыг байсан мэт ярьвал утгагүй асуудал болно. Ардчилсан намын жагсаалтын эхний 20 нэрийг аваад үзэхэд  “Эрх баригч намын бодлого шийдвэрийг шүүмжилдэг, тэдний хулгай, луйвар дээрмийн талаар ярьдаг” нэг ширхэг ч хүн байхгүй. Тийм хүмүүс нь бүгд хойшоо шидэгдсэн. Хуулийн дагуу цагтаа баригдаж нэрс уншаад 23:55 болж байхад “Тогтоол баталсугай” гээд алх цохьчихсон. Гэтэл “УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, залуучууддаа боломж олгоно” гэж байсан Х.Баттулга нэр дэвшихээр болсон байсан. Иргэд Х.Баттулгыг хүсээгүй. Иргэд одоо “Монгол, Хятад цусны талаарх яриа, Хятадууд танкаар орж ирнэ” гэдэг үлгэрт итгэхээ больсон. Харин иргэд үнэт зүйл, үзэл санаа сонсохыг хүсч байна.  Заримдаа манай намын гишүүдийн итгэл үнэмшил,  хүсэл зорилго юу байгаагаас үл хамаарч шийдвэр гарч байна.

-Х.Баттлуга, Л.Гантөмөр хоёр тохироотой байсан гэж ойлгож болох уу. Хэнийг нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүй байх асуудлын эцсийн цэгийг хатгах эрх мэдэлтэй хүн бол намын дарга гэж ойлгоод байгаа шүү дээ?

-Тамга тавин хувь гэдэг юм. Гэхдээ Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн тамга Х.Баттулгын Баянгол зочид буудал дотор байгаа юм шиг байгаа юм. Тэнд л тамга дарчихаад байна. Нэр дэвшүүлэх хүмүүсийн нэрийг 11:50-д уншихад нэр байсан хүний нэр шөнө нь солигдож, хэдхэн мөчийн өмнө байсан нэрс сураггүй сугарч үлдсэн. Энэ бол Л.Гантөмөрт хамаарах асуудал биш.

Л.Гантөмөр бол Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёрын өрөөнд байдаг шалны алчуур төдий болсон. Л.Гантөмөрийг намын дарга нэртэй шалны алчуур болгосон. Гэсэн ч би ардчиллыг дэмждэг, Ардчилсан намаа дэмждэг.

 

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.