Нохой зассан хүндээ янаг буюу Женкотой нөхцсөн АН!

Уг нь Ардчилсан намаас, Ардчилсан намын дарга Л.Гантөмөрөөс иргэд, олон нийт илүү их хүлээлттэй байлаа. Байлаа гэхийн учир нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд АН байгаа байхгүй нь мэдэгдэхгүй шахам, нийтийн эрх ашгийг хамгаалахаас илүүтэй намынхаа эрх мэдлийн хуваарилалтад түлхүү анхаарч ирэв. Өөрөөр хэлбэл, “АН яагаад ийм байдалд хүрэв? Ард түмэн яагаад АН-д итгэл үзүүлэхгүй байна вэ?” гэж Л.Гантөмөр өөрөөсөө асуусаар бүтэн нэг жилийг үдсэн. Ард нь Женко.Баттулга АН-ын албан бус дарга болов.

Цагтаа эгнээндээ 180 мянган гишүүнтэй, мөн түүнээс дутахгүй олон “краш”-тай явсан АН-аас өнөөдөр ч олон хүн нүүр буруулах дээрээ ирсний шалтгаан нь Женко.Баттулгыг МАН улс төрөөс явуулсан ч эсрэгээрээ Ардчилсан нам Женко.Баттулгаас явсангүй. Ардчилсан намын 15  дэд даргын долоог нь Х.Баттулга томилсны дээр нийслэлийн Ардчилсан нам /Т.Батцогт/, Ардчилсан залуучуудын холбоо /Б.Ган-Очир/-ноос гадна Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга / Э.Одбаяр/ нь хүртэл Женко. Баттулгын хүн болсон.  Хэдийгээр дотоод хэрүүлээ дотоод ардчилал нэрээр халхавчилдаг ч өөрийн багаа өөрийнхөө хүнээр томилж чадахгүй байгаа нь Л.Гантөмөр намдаа болон олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаагийн илрэл. Энэ янзаараа ирэх сонгуулийн дараа ч  Л.Гантөмөрийн намынхан “АН яагаад ийм байдалд хүрэв? Ард түмэн яагаад бидэнд итгэл үзүүлэхгүй байна вэ?” асуугаад сууж байж мэднэ.

Тэгвэл тэр асуултад чинь өнөөдөр хариулаад өгье. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш гэдэг.

Нэг.

Хэдийгээр Л.Гантөмөр намынхаа удирдлагыг 15 хувааж, фракц хоорондын эрх ашгийг хангасан мэт харагдавч, үнэн хэрэгтээ АН-ыг Х.Баттулга хагалан бутаргасан хэвээр байна. Ардчилалд, АН-д хайртайдаа юм биш, АН бол Х.Баттулгын хувьд албан тушаалд хүрэх гишгүүр төдий. Үүнийг өчигдөр ч, өнөөдөр ч олж харахгүй яваа нь АН-ынхны хамгийн том алдаа.

Нялуунаас шулуун гэдэг,  Оростой нөхцсөн Женкогоос, Женкотой нөхцсөн АН-аас МАН-тай нөхцсөн ХҮН дээр.

Хамгийн хоржоонтой нь Ардчилсан нам ялагдлаа гэхэд Л.Гантөмөр хар толгойгоороо хариуцлага хүлээнэ. Учир нь, Улсын дээд шүүх дээр АН-ын албан ёсны дарга гэж Л.Гантөмөрийг цагаан дээр хараар биччихсэн. Эсрэгээрээ Ардчилсан намын албан бусаар удирдаж сонгуульд орсон Х.Баттулга хамгийн гэм зэмгүй хүн болж үлдэнэ.  Х.Баттулга бол бусдын гараар могой бариулж сурсан хүн. Хүн амины хэргээр ял шийтгэл хүлээсэн Зам тээврийн яамны газрын дарга Б.Махбал яалаа. Хөгжлийн банкны хулгай луйварт холбогдсон Ц.Ууганбаяр, Ч.Байгалмаа нар яав. Ерөнхийлөгч байхад нь өрөөнөөс нь салдаггүй байсан “Эрдэнэс Тавантолгой”-н экс захирал Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам”-ын дарга Н.Удаанжаргал нар өнөөдөр нүүрсний хулгайн гол сэжигтнүүд болсон, эхнээсээ зарим нь шоронд сууж байна. Товчхондоо, Женко.Баттулга өрмийг нь авч, хусам хулгайлсан нь шоронд суудаг, ялтан болдог. Ийм “бичигдээгүй хууль” Х.Баттулгад үйлчилсээр ирсэн, үүнийг Л.Гантөмөр мэдэхгүй байна гэж үгүй. Хамаг эрх мэдлээ Женкод тавьж туусан Л.Гантөмөр өнгөрсөн хугацаанд ярьж амлаж ирсэн үзэл санаа, үнэт зүйл нь энэ байсан гэж үү?!

Хоёр.

Ардчилсан нам УИХ-ын дараалсан хоёр сонгуульд ялагдал хүлээхэд хүргэсэн гол буруутны нэг нь Х.Баттулга. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон 2017 оноос хойш Женко.Баттулга АН-ын эсрэг ажилласан. С.Эрдэнийн намыг УИХ дээр бүлэггүй болгож, сөрөг хүчнийг улс төрийн хувьд үхдэл болгосон нь  бодит үнэн. УИХ-ын 2020 оны сонгуулиар  АН-ын нэр дэвшигчдийг албан тушаал, авлигын гэмт хэрэгтэн болгон хонгилын шүүхээр оруулсан нь болсон явдал. Ерөнхийлөгчөөсөө буусны дараа МАН-ын даргын албан бус зөвлөхөөр ажиллаж байсан намтартай.  Гэх мэтчилэн Х.Баттулгын Ардчилсан намд, Монголд учруулсан гайг хэмжих боломжгүй. “Монгол ялна” гэж монголчуудын тархийг угааж байгаад Монголоо тоночихсон хүн шүү дээ.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд УИХ дээр хэлэлцэж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн эсрэг Х.Баттулгын хар пиар хэдийнэ эхэлсэн. Гол бай нь Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар болжээ. Түүх давтагддаг гэдэг, арваад жилийн өмнө яг ийм аргаар Женко Монголын эдийн засгийг хорлож байсан. Тавантолгойн төслийг гацааж, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж, М.Энхсайханыг шоронд хийснээр Монгол Улс 80 их наядын орлогоо алдаж, 40 их наядын нүүрсээ хулгайлуулсан байдаг. Х.Баттулгын хүссэнээр  Улс төрийн зөвлөлөө хуралдуулж, улс орноо хорловол Л.Гантөмөр эцэст нь буруудна.

Иймээс АН ялсан, ялагдсан, яасан ч байсан “ороо, жороо”-гоороо ялгарах ёстой. Ядаж нам нь цэвэршинэ. С.Эрдэнийн хэлдэгчлэн Оросын гар хөлүүдээс намаа цэвэрлэх нь Л.Гантөмөрийн хийх ёстой ажил мөн үү мөн. Түүнээс “хальсгүй өндөг”-өө хагарчих вий гээд Х.Баттулгатай нөхцөөд гүйгээд байвал АН ялагдахын цондон.

Намыг нь хувааж, ялагдлын үүдийг нь нээсэн Х.Баттулгын халаасанд гүйгээд орчихсон АН-ыг харахаар ёстой “Нохой зассан хүндээ янаг” гэдэг  үнэн аж. Х.Баттулга бол өөрийн эрх ашгийн төлөө АН-ыг байтугай Монголыг өлхөн зарж чадна. Тэр ийм л хүн.

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.