УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, “Багануур” ХК-ийн захирал асан Э.Номинчулуун нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль авсан, өгсөн байж болзошгүй хэргийн сэжүүрээс хууль хяналтын байгууллагынхан атгаад авсан гэнэ.
Өнгөрсөн 2022 оны “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үр дүнгийн хуралдаанаар “Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулууны асуудлыг хэлэлцэж, ажлыг нь дүгнэсэн гэнэ. Шалгалтын явцад тус компанийг хариуцаж ажиллаж байгаа Э.Номинчулуун хангалтгүй буюу муу үнэлгээ авчээ. Гүйцэтгэл муу, хангалттай төсөв бүрдүүлээгүй компанийн үйл ажиллагаа доройтсон гэх мянган шалтгаанд Э.Номинчулуун бүдэрчээ.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Э.Номинчулуун хахууль, авлига гэдэг үгийг Багануурт ганц “цэцэглүүлсэн” хүн гэнэ. Э.Номинчулуун байгаа газарт авлигагүй байна гэж байхгүй гэх явган яриа гартлаа авлигын эзэн болсон нэгэн аж.
Эх сурвалжийн хэлснээр "Өнгөрсөн 2021, 2022 оны үр дүнгийн хурлаар хангалтгүй ажилласан нь үнэн. Ажилтнууд нь ч үүнийг мэдэж байгаа. Дарга нь хахууль авч, компанийнхаа хөрөнгийг хувьдаа завшаад байхад яаж ашигтай ажиллах юм бэ. Ийм учраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хурлаар Э.Номинчулууны асуудлыг хүчтэй авч хэлэлцсэн байдаг. Бүр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хурал болж, Э.Номинчулууныг чөлөөлөх асуудал хүртэл ярьж байлаа. ТУЗ-ийн гишүүдийн нэг нь ч Э.Номинчулууныг дэмжээгүй байхад суудалтайгаа үлдэж байсан шүү дээ. Суудалтайгаа үлдэхийн тулд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирт их хэмжээний хахууль өгсөн байж болзошгүй гэдэг юм билээ. Харин харамсалтай нь, Э.Номинчулуун хахууль өгч, суудалтайгаа үлдсэн ч өөр нэг хахуулийн хэргийг нь хууль хяналтын байгууллагынхан илрүүлж, шүүхэд шилжүүлснээр захирлын суудлаас нь чөлөөлсөн байдаг” гэлээ.
"Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн үр дүнгийн хурлаар “Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулууныг огцруулах хэд хэдэн нөхцөл бүрдэж байжээ. Гэвч хачирхалтай нь, тэр суудалдаа үлдэхийн тулд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирт авлига өгч, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагад нөлөөлүүлж байсан талаар эх сурвалж мэдээлэв.
Эх сурвалжийн хэлснээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Багануур” ХК-ийн захирлын суудалд Э.Номинчулуун олон жил бугшсан. Энэ нь УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очиртой салшгүй холбоотой. Хамгийн сүүлд гэхэд л хахуулийн хэрэгт холбогдсон хэрнээ “Багануур” ХК-ийн захирлын суудалдаа үлдэхийг санаархсан. Бүр хүсэл нь биелэсэн юм билээ. Учир нь, Багануур дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Ц.Сандаг-Очир эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудад нөлөөлж байсан байж болзошгүй. Үүнийхээ хариуд Э.Номинчулууныг суудалд нь үлдээж, их хэмжээний хахууль авсан гэдэг юм билээ. Тэр бүү хэл “Багануур” ХК-ийн ажилтнуудын зусланд хаустай болж, засвар хийсэн гэдгийг амтай болгон ярьдаг. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Э.Номинчулуунтай олон жил ойрхон ажиллаж байгаа бөгөөд “Багануур” ХК-аас сонгуулийн мөнгөө босгодог байж болзошгүй. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгах хэрэгтэй. Их юм гарна даа, тэднээс” гэлээ.
"Багануур" ХК-ийн захирал асан Э.Номинчулууныг их хэмжээний хахууль авч байхад нь үйлдэл дээр нь АТГ-ын ажилтнууд дайчлан баривчилж байлаа. Түүнийг бусдаас 3.000 ам.доллар авч байсан үйлдэл дээр нь саатуулсан гэдэг мэдээлэл байдаг. Мөн Эрүүгийн цагдаагийн газраас Э.Номинчулууны өөр хэргээр шалгаж байсан ч тэрбээр давтан үйлдлээр хахууль авсан гэх. Өмнө нь шалгагдаж байсан хэрэг нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, тендерт будилаан үүсгэж, өөрийн хамаарал бүхий этгээдээ оролцуулсан гэсэн юм. Тодруулбал, Э.Номинчулууныг “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн, улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан хэрэгт буруутган шалгаж байсан юм. Мөн “Тавинлан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцаас “Алтаргана” хотхонд 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд авсан гэх үйлдэлд Э.Номинчулууныг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл бий.
Гэвч дээх хоёр хэрэг нь шүүхэд шилжсэн ч хэрхсэн нь тодорхойгүй байна. Өнгөрсөн наймдугаар сард шүүх хурал нь товлогдсон ч тодорхой үр дүнд хүрээгүй, шүүх хурал хойшилсон юм.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нь Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Тэрбээр 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлэгдээ “49 сая 469 мянган төгрөгийн орлоготой, нэг зуслангийн байшинтай, 511 сая 263 мянган төгрөгийн орон сууцтай 40 сая 190 мянган төгрөгийн мал, аж ахуйтай, гурван сая төгрөгийн газартай 1.8 сая төгрөгийн үнэт эдлэлтэй 48.643 сая төгрөгийн хадгаламжтай, 25 сая төгрөгийн авлагатай, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Скүти майнд” ХХК-ийн хөрөнгө оруулалттай” хэмээн мэдүүлсэн байдаг. Мөн тэрбээр хүргэн ах Батбаяр, эгч Бүдсүрэн, голомт банканд 229 сая төгрөгийн өртэй хэмээжээ.
Эрдэнийн Номинчулуун нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Багануур” ХХК-ийг Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрбээр 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “137.621 мянган төгрөгийн орлоготой, 570 сая төгрөгийн орон сууцтай, 125 сая төгрөгийн автомашинтай, 51.840 сая төгрөгийн малтай, 26.422 сая төгрөгийн газартай, 124 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 316.338 сая төгрөгийн хадгаламжтай, нэг зуслангийн байшин мөн тооны хашаа байшинтай” хэмээжээ.
Ямартай ч энэ мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа гэнэ. Мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Э.Номинчулуун нар бүдрэх үү, эс бүдрэх үү гэдэг нь цаг хугацааны явцад тодорхой болно.
offshore.mn