МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар танилцууллаа.Хуралдаанаар Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх хуулийн төслийг цаашид хэлэлцүүлэхийг дэмжсэн байна.
Хуулийн ач холбогдлын талаар Б.Энхбаяр “Д.Тогтохсүрэн даргын хэлсэн дээр нэмээд Хот байгуулалтын тухай хууль, Тусгай хамгаалалтай газрын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Энэ асуудлыг ажлын хэсэг гаргаж нухацтай судална. Газар бол улсын үндэс. Нэгдүгээрт, үндэсний аюулгүй байдлын үүднээс авч үзнэ. Хоёрдугаарт, газрын хувийн болгон өмчлөөд 20 жил болж байна. Газраа эдийн засгийн эргэлтэд баталгаатай оруулж чадахгүй байгаа. Газрын харилцааны хуульд оролцохгүй иргэн гэж байхгүй. Өнгөрсөн хугацаанд бид Газрын тухай хуультай байсан ч хуульгүй мэт явжээ. Ялангуяа Тусгай хамгаалалттай газарт отог байгуулах нэрээр хэд их наяд төгрөгийн орон нууцыг улсын эрхийн бүртгэлгүй барьсан байна. Зайсан, Тэрэлж, Яармагт байна. Энэ асуудлаа түгжрэлийн бодлоготой уяна. Газрын татвар, төлбөр яривал 97-98 хувийг татвараас чөлөөлсөн байна. Үнэгүй байгаа энэ зүйлийг газрын алба, Засаг дарга нар далдаар үнэтэй байдаг. Дээр нь авлигын өртгөө шингээж, өндөр үнэтэй орон сууц барьдаг байна. Хамгийн далд байгаа эдийн засгийг ил болгож, татвар авах эдийн засгийн хөшүүрэг бий болгоно. Нөгөө талаар газрын харилцааны бодлого нь Монгол Улсын 5-6 сайдын эрхлэх асуудлын хүрээнд бодлого нь салангид явсан. Тиймээс энэ саланги болсон газрын харилцааны бодлогыг нэгдмэл байдлаар, үйл ажиллагааны чиглэлийг нь давхцуулахгүй байхаар шийднэ” гэв.
Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Төрийн өмчит компаниуд газраа зардаг, орон сууц барьж зардаг асуудлыг яаж зохицуулдаг вэ?
-Төрийн өмчит гэлтгүй төрийн байгууллагын дарга, цэрэг нар байгууллагын эзэмшлийн газрыг зарсан. Зөвхөн нийслэлийн хэмжээнд гэхэд л 106 төрийн байгууллага өөрийн эзэмшил газар дээрээ нийтийн орон сууц барьсан байна. Энэ асуудал хууль зүйн хувьд юунаас улбаалсан талаар судалгаа хийсэн. Өнгөрсөн хугацаанд Газрын тухай хууль, Иргэний хуультайгаа зөрчилдсөн хууль баталсан тул хэрэгжилтэд доголдол гарсан байна.
Эзэмших эрхийн ойлголт нь өмчийн гэж ойлгоод, газар эзэмших эрхийг шилжүүлж, газрын наймаа хийж байна. Эзэмших эрх гэдэг хууль зүйн ойлголт олон улсад байдаггүй. Нийслэлийн иргэд Туул гол руу, Богд уул руугаа гарч чадахаа больсон. Манайхан газар эзэмшихээрээ дээд, доод талыг нь хамт эзэмшсэн гээд инженерийн шугам сүлжээ тавьдаггүй. Үүнийг бид хуулийн цогцоор шийднэ.
offshore.mn