Б.Бат-Эрдэнэ: Олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад сар бүр олгох урамшуулал нэмэгдэж байгаа. ₮2.2 тэрбумыг төсөвлөсөн

Тамирчдын урамшуулалтай холбоотой асуудал байнгын хорооны хуралдааны үеэр хөндөгдөв. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад насан туршид нь цалин өгдөг байдлыг болъё. Жил бүр 1.8 тэрбум орчим төгрөг зарцуулагдаж байгаа. Ямар нэг ажил хийдэг болгох талаас нь Засгийн газраар журмыг нь өөрчлүүлэх ёстой гэсэн тогтоолыг байнгын хорооноос гаргасан. Уг тогтоолын хэрэгжилт ямар байгаа вэ? Хэр их мөнгө зарцуулагдах вэ?

Олимпын наадмын медальтай тэтгэвэрт гарсан тамирчдад энэхүү урамшууллыг олгомоор байгаа юм. Харин залуучуудад дараагийн олимп хүртэл олгоод, амжил гаргаад байвал үргэлжлүүлэх хэрэгтэй.

Нийтийн биеийн тамирын төрлүүдэд олгох санал бас тухайн үед яригдаж байсан. Хэрэгжилт нь ямар байгааг асуумаар байна" гэлээ. 

Түүний асуултад Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ "Олимп болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан тамирчдын урамшуулалд 2.2 тэрбум төгрөг төсөвлөж, нэмэгдсэн. Дэлхийд манай улс шиг сар бүр тамирчдадаа цалин урамшуулал олгодог улс бий. Зарим нь нэг удаа шагнал өгдөг улс ч байгаа. ОХУ тэргүүтэй зарим улс нэг олимпоос нөгөө олимп хүртэл энэхүү урамшууллыг олгоод, тэтгэвэрт гарахаар нь үргэлжлүүлж олгодог зарчимтай.

Манай улсын хувьд спорт асар их уналтад орсон. Нэг үгээр хэлбэл төрийн ивээлийн гадна талд орхисон. 2000 оноос хойш биеийн тамир спортыг төрийн мэдэлд авч, хуультай болгосноор 2008 онд монголчууд олимпын наадмаас гурван медаль хүртсэн. Олимп хаяанд тулсан энэ үед тамирчдад урам зориг өгөх үүднээс сар болгоны урамшууллыг өмнөх шиг нь олгох нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. 2024 оны Парисын олимпын дараа энэ асуудлыг дахин ярьж болно" хэмээн хариулав. 

 

 

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.