Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт төмөр замын тээвэрт тулгамдаж буй цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Задгай тээвэр зогсож чингэлэг тээвэр хийж байгаатай холбоотой бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж байгаа. Тийм болохоор Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд тээвэр хийх боломжийг ойрын үед хийхээр ажиллаж байна. Орос Улсаас Улаанбаатар төмөр зам ХНН-ийн үнэ тарифыг нэмэх санал гаргасан. Олон жил алдагдалтай тарифаар ажилласан нь үнэн. Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 8100 төгрөг, автобусаар явахад 30 мянган төгрөг байдаг. Ийм хямд үнэтэйгээс болоод олон жил маш алдагдалтай ажилласан. Дээрээс нь эрчим хүчний нүүрс, шатахуун тээвэрлэлт мөн 40-50 хувийн алдагдалтай. Тэгэхлээр цаашид бараа, бүтээгдэхүүний үнийг дахин өсгөхгүйн тулд УБТЗ үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрч байна. Тэгэхлээр бид эхний ээлжид үе шаттай тарифыг нэмнэ. Экспортын транзит ачааны үнийг нэмж, үүнээс бий болгосон орлогоор УБТЗ-ын парк шинэчлэлт хийхээр төлөвлөж байна. Мөн үүний дараа ажилчдын цалинг нэмэх, орчин нөхцөлийг сайжруулах зэрэг ажлыг хийнэ. Харин Дарханы замын хувьд бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгахаар ажиллаж байгаа. Тус бүтээн байгуулалтын ажил руу бүх цементийг явуулж байгаатай холбоотой зах зээл дээр цементийн үнэ өссөн гэх яриа гарсан. Энэ бол ташаа. Монголын гурван том цементийн үйлдвэр болох МАК, Монцемент, Хөтөл зэрэг үйлдвэрүүд өдөрт тус бүр 3000 тонн цемент гаргадаг байсан. Гэвч наймдугаар сарын 16-наас Хөтөлийн цементийн үйлдвэр түр зогсч зах зээл дээр өдөрт 6000 тонн цемент нийлүүлэгдэж байна. Үүнтэй холбоотой үнэ өссөн" гэлээ.
offshore.mn