Хавар болж,ичигсэд хөдөлж, амьд байгаль сэргэсний хамгийн анхны дохио болж яргуй цэцэг цэцэглэдэг. Хүмүүс хөдөө талд дарсан яргуйн зургаа сошиалд постолж, хөх ногооны улирал энүүхэнд ирснийг сануулж, хавар цаг иржээ.
Ингээд яргуй цэцгийн тухай мэдээлэл хүргэе. Дэлхий дээр 35 зүйлийн яргуй ургадгаас зургаан зүйлийн яргуй манай оронд ургадаг байна. Яргуй бусад цэцэгнээс түрүүлж ургадаг учир бог малыг тэнхрүүлэхэд ихээхэн дэм болдог. .
Мөн эрт цагаас уламжлалт анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр иржээ.
Түвдийн анагаах ухаанд гэхэд л яргуйн халуун чанарыг ашиглан арьсны янз бүрийн шарх, үрэвсэлт өвчнийг анагааж ирсэн.
Мөн хор тайлах, хавдар хариулах, хүний биеийн хэм барих, булчирхайн сүрьеэ, шамбрам, ходоодны галын илчийг сайжруулж тамир тэнхээ оруулах, шар усны өвчнийг хатаах, хуучирсан хүйтэн бэтгийг дарах зэрэг идтэй ажээ. Цусны даралт бууруулах, нян устгах, гуурсан хоолойн үрэвслийг анагаахад хэрэглэдэг.
Хөрсөн дээрх хэм шөнөдөө тэг болсон үед яргуй ургах нөхцөл бүрддэг ажээ. Яргуй цэцэг богино хугацаанд дэлбээлээд хагдравч хур бороо сайтай жилийн намар эргээд цэцэглэдэг. Үүнийг яргуй хэнзлэх гэдэг.
Г.Гэрэл
offshore.mn